Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

ХҮМҮҮЖИГЧДИЙН ДУНД “МИНИЙ ЭХ ОРОН” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ

Нэмэгдсэн: 2014-12-05 10:34:11

ХҮМҮҮЖИГЧДИЙН ДУНД “МИНИЙ ЭХ ОРОН” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН ЗАРЛАЖЭЭ

ШШГЕГ-ын харьяа Мэргэжлийн, сургалт үйлдвэрлэлийн төвд хүмүүжиж буй хүмүүжигчдийн дунд “Миний эх орон” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Тус уралдаанд хүмүүжигч Н-ийн бичсэн эх орноо уран яруу магтсан, монгол хүний эх орноороо бахархсан сэтгэлийг  илэрхийлсэн “Эх сайхан нутаг минь...” эссэ тэргүүн байрт шалгарчээ. Ингээд та бүхэнд түүний эссэг хүргэж байна. 

“ЭХ САЙХАН НУТАГ МИНЬ ...”

  Би хоёр нөхдийн хамт Солонгос улсад аялахаар ярьж тохироод, аав ээждээ дуулгахаар оройхон хэрд аавындаа очив. Явахаар болсоноо дуулгаж зуншлага, хот орон, мал ахуй, хадлан тэжээл ярилцсаар амарцгаав. Өглөө эрт аав маань “Хол явах хүн нутгийнхаа овоо тахилга дээр гарч хийморио сэргээ” гэснээр аавыг дагаж мордов. Агь ганга, таана хөмүүл ханхалсан, сэвшээ салхитай цэцэгт талаар ергүүлсээр “Майхан цахир” уул өөд ергүүлсээр оройд нь байх цувран тогтсон дэл хадан дээр гарцгаав. Аав маань дурангаа гаргангаа “Манай энэ Цахир хайрхан чинь уулан дээр уул тавьсан юм шиг, уран төрхтэй, эрт урдын домог түүх ихтэй, алс холын харуул сайтай, сэтгэл сэргэж, ухаан саруулсаж, бие тавирсан сайхан хангай юм шүү. Эрт урьд цагт Туулын эх Асралт хайрханаас, Богд Дүнжингаравт, Дүнжингараваас Батхайрхан, Хөгнөхан уул тэгээд манай энэ хайрханд, эндээс баруун тийш Их богд, Аж богд гээд дамжсаар Алтай таван богд хүртэл уулнаас ууланд утаа тавьж дайн байлдааны дохиог өдөрт нь дамжуулж байсан гэдэг юм шүү” гэж ярингаа дурангаа надад өглөө. Дурангийн үзүүрт Их Богдын цаст өндөр орой гялтганан гялалзаж наагуур нь цэлийх уудам өргөн тал, уужим цэлгэр хоолой, усны мандал нь хөхрөн зэргэлээтэх Орог, Бөөн цагаан нуур, тэдгээрийг хаяалан буусан танан цагаан гэрүүдийн гадуур бэлчих мал сүрэг, зээр гөрөөсний эргэн цахилах, машин тэрэгний тоосрон давхих, нааш цааш сүлжилдэн давхилдах морьтон, алс баруун тийш үелэн бидэртэн хөвөлзөх Баян, Зүрх, Улаан, Аргалантын нурууд, тэнгэрийн хаяа алтран солонгорох элсэн манхан нь дурангийн үзүүрт үзэгдэнхэн төрөх нь үнэхээрийн үзэсгэлэн төгөлдөр сайхаан сайхан.

  Бодол сэтгэлд энэ их нуруудын завсар дахь Эхийн гол, Баян тоорой, Шар хулстайн баян бүрдүүд, ханан хавцалд халин дүүлэх янгир аргал, ирвэс, шилүүс, өндөрт халин нисэх тас, бүргэд, зам тосон хөндлөн гулд тоосрон давхилдах зээр гөрөөс, хулан, тахь, хавтгай зэрэг ан амьтан, араатан жигүүртэн нүдэнд харагдаж, заг, хайлаас, тоорой, сухай, дэрс, хулс нь гарт баригдаж, үнэр нь ханхлах шиг сэтгэл хөвөлзөн тэр зүг зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй тэмүүллээ.

  Энэ сайхан нутаг усаа харж бишрэн суухдаа юун гадаад орны байшин барилга, баар цэнгээний газар, өндөр технологи, үсрэнгүй хөгжил вэ гэсэн бодол сэтгэл дотор урган ургасаар аялалын зорилго минь эх нутгынхаа онгон дагшин байгал руу өөрийн эрхгүй татагдан өчүүхэн би бээр үгээр илэрхийлэхийн аргагүйгээр эх орноороо бахархаж, аялалын зорилго маань огт өөрөөр эргэв. Хараад хараад ханашгүй, яваад зорчоод барамгүй эх орон минь ээ!

ШШГЕГ-ын харьяа МСҮТөвийн хүмүүжигч Н  

2014.11.25

Төрийн байгууллагуудын мэдээлэл