Сорьцын хяналтын газар шинэ байртай боллоо

Нэмэгдсэн: 2016-02-18 11:33:17

Сорьцын хяналтын газар шинэ байртай боллоо

2016 оны 2-р сарын 17-нд Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын газрын шинэ байрны нээлтийн арга хэмжээ боллоо. Тус газар БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн /хуучин нэрээр/-ийн 1963 оны 2-р сарын 6-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор Улсын банкны Ерөнхий хорооны бүрэлдэхүүнд “Үнэт металлын чанар шалгах тасаг”-ийг байгуулах шийдвэр гарснаар Монгол улсад Сорьцын хяналтын байгууллагын түүхэн хөгжил эхэлжээ. 
1978 оноос Сангийн яамны харьяа Улсын Сорьцын хяналтын хэлтэс нэртэй улсын үйлдвэрийн газрын статустай ажиллаж байсан Сорьцын хяналтын газар 2009 оноос Стандартчилал, хэмжил зүйн газрын харъяанд орон ажиллаж байгаа юм. Сорьцын хяналтын газар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн цагаас хойш анх удаагаа өөрийн гэсэн зориулалтын лабораторитай шинэ байранд орлоо. Хуучин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын байранд байрлаж байсан тус газар өөрийн гэсэн бие даасан ажлын байртай болсноор үнэт металлын сорьц тогтоох лаборатори болон алт хайлах, эрдэнийн чулуу тодорхойлох лабораторуудыг багтаасан хүрэлцээтэй талбайтай болсон юм. Улмаар ашигладаггүй байсан зарим тоног төхөөрөмжөө суурьлуулан ашиглаж байна. Ийнхүү Сорьцын хяналтын газар бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж бүрдэж байгаа билээ. 
Сорьцын хяналтын газар нь Үнэт металлын сорьц тогтоох лаборатори, Эрдэнийн чулууний лаборатори гэсэн 2 лабораторитай 720 мкв 2 давхар байранд орсон юм. Тус газар Хан-Уул дүүргийн 3-р хороонд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан” –ийн хашаанд байрлаж байна. 
2015 онд Сорьцын хяналтын газар 13,1 тонн алт хайлуулан гулдмайлж, 14,7 тонн алтны сорьц тогтоох шинжилгээ хийсэн. Монгол улсад өнөөдрийн байдлаар 85 аж ахуй нэгж алт олборлож, 130 гаруй алтны худалдаачид байна. Мөн алт, мөнгөн эдлэл үйлдвэрлэдэг 100 гаруй аж ахуй, иргэд байна. Энэ бүгд Сорьцын хяналтын газраар үйлчлүүлдэг бөгөөд жилдээ давхардсан тоогоор 4000 үйлчлүүлэгчид ханддаг. Уг газар жилдээ 200 мянга гаруй алт, мөнгөн эдлэлд сорьцын баталгааны тэмдэг дардаг аж. Тиймээс ч энэ жил Сорьцын хяналтын газар “Үйлчлүүлэгч бүрт чанартай үйлчилгээ” гэсэн уриатай ажиллаж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл