ОЛОН УЛСЫН ИЖИЛ ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭНД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

Нэмэгдсэн: 2020-05-22 17:19:36

ОЛОН УЛСЫН ИЖИЛ ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭНД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

Стандарт, хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газар нь итгэмжлэлийн үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, олон талт хэлэлцээрт нэгдэх үйл ажиллагааг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Ази, номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC)-ын хэлэлцээрт сорилт, хэмжлийн лабораторийн төрлөөр, 2016 оноос хяналтын байгууллагын итгэмжлэлийн төрлөөр, 2017 онд буюу Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-ын хэлэлцээрт бүтээгдэхүүн, менежментийн тогтолцоо (чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдал)-ны итгэмжлэлийн төрлөөр тус тус нэгдсэн билээ.

Энэхүү олон улсын байгууллагууд үйл ажиллагаагаа нэгтгэж 2019 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлэн Ази номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC) болж шинэчлэгдэн зохион байгуулагдсан.  

Ази номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APAC)-аас гишүүн орны итгэмжлэлийн байгууллагуудын үйл ажиллагаа нь олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа байдалд ижил түвшний хөндлөнгийн үнэлгээг хийдэг.

АPAC-ын 2020 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Итгэмжлэлийн байгууллагын үйл ажиллагаанд ижил түвшний үнэлгээг 2020 оны 4-р сард хийхээр төлөвлөсөн.

Төлөвлөгөөний дагуу АPAC-ын Тэргүүлэх үнэлгээний мэргэжилтэн ноён Chin-Keung Cheung (IAS)-ээр ахлуулсан Австрали, АНУ, Тайланд, Энэтхэг, Шинэ Зеланд зэрэг улсын итгэмжлэлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн экспертүүд 2020 оны 4-р сарын 10-аас 5-р сарын 8-ны өдрүүдэд баримт бичгийн үзлэг, урьдчилсан үнэлгээг хийж, үнэлгээний тайлангаа АРАС-ын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн.  

Үнэлгээний багийн тайланд үндэслэн АРАС-ын Нарийн бичгийн дарга нарын газраас Монгол Улсын Итгэмжлэлийн тогтолцоо нь олон улсын шинэчлэгдсэн “Тохирлын үнэлгээ. Тохирлын үнэлгээний байгууллагыг итгэмжлэх итгэмжлэлийн байгууллагад тавих ерөнхий шаардлага. ISO/IEC 17011:2017” стандартын шаардлагыг үргэлжлүүлэн хангаж байгааг баталж, 2020 оны 05-р сарын 14-ний өдөр тус газарт APAC MRA гэрчилгээний хугацааг сунгаж олголоо.

               СХЗГ-ын дарга Б.Билгүүн болон Итгэмжлэлийн газрын хамт олон

Энэхүү үнэлгээнд хамрагдахад идэвхи зүтгэл гарган ажилласан Итгэмжлэлийн газрын хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.

                                                           СХЗГ-ын Даргын зөвлөл

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл