Луус суманд авто тээврийн улсын үзлэг явагдаж байна

Нэмэгдсэн: 2017-04-10 19:56:33

Луус суманд авто тээврийн улсын үзлэг явагдаж байна

Авто тээврийн улсын үзлэгийн ажлын хэсэг баруун сумдаар ажиллахаар төлөвлөсний дагуу  Луус сумаас эхэллээ. Аймгийн Засаг Даргын захирамжаар Авто  тээврийн төв, ЦГ, Татварын хэлтэс, Даатгал гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилогдон хуваарийн дагуу үзлэг тооллого хийж байна. Иргэний тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны хугацаа 06-р сарын 01-ийг хүртэл явагдах бөгөөд өнөөдрийн байдлаар аймгийн төвийн авто тээврийн үзлэгт хувь иргэний 500 гаруй машин хамрагдаад байна. Луус суманд хоёр өдөр ажиллах бөгөөд нийт 180 орчим машин, 100 орчим мотоцикл хамрагдах тоон мэдээлэл байгаа бөгөөд үзлэг эхлээд  74 техник хэрэгсэл хамрагдсан байна. Тус тээврийн хэрэгслүүд нь хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй насжилт ихтэй, өнгө үзэмж тааруу зэрэг дүгнэлттэй байна. Авто тээврийн төвөөс тээврийн хэрэгслийн оношилгоо, улсын бүртгэл , Татварын хэлтсээс тээврийн хэрэгслийн албан татвар, орон нутгийн замын хураалт, агаарын бохирдлын төлбөр хураалтыг авч, албан журмын дагуу арилжааны 7 даатгалын салбар ажиллаж хөдөөгийн иргэдэд нэгдсэн үйлчилгээ явуулж байна. Энэ жилийн авто тээврийн хэрэгсэлийн татвар хураалтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн буюу өнөөдрийн байдлаар 20 орчим сая төгрөг төвлөрсөн байна. Ажлын хэсэг ард иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх, хууль ёс журмын дагуу зохион байгуулалт сайтай ажиллаж байгаа бөгөөд хөдөөгийн иргэдэд хүрч ажиллах үүднээс оройн 18 цагаас хойш уртасгасан цагаар ажиллах юм. Мөн сумдын иргэд цаг тухайд нь үзлэг тооллогод хамрагдахгүй бол заавал аймгийн төв орох болдог учир хугацаандаа авто тээврийн үзлэгт хамрагдахыг албаны хүн анхааруулж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл