ФРОНТ ЦЭГМИД ГУАЙД АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ ГАРДУУЛЛАА

Нэмэгдсэн: 2020-05-07 10:05:33

ФРОНТ ЦЭГМИД ГУАЙД АУГАА ИХ ЭХ ОРНЫ ДАЙНЫ ЯЛАЛТЫН 75 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛИЙГ ГАРДУУЛЛАА

Энэ оны тавдугаар сарын 9-ний өдөр Аугаа их Эх орны дайнд ялалт байгуулсны 75 жилийн ой тохионо. Тус түүхэн өдрийг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгчийн 2019 оны зургадугаар сарын 13-ны зарлигаар Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн медалийг Зөвлөлтийн улаан армид сэтгэлийн бэлэг, тусламж хүргэж өгч байсан Фронт хэмээн алдаршсан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын харьяат Сүрэнхорын Цэгмид гуайд олгохоор шийдвэрлэснийг ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Мерген Владимирович Джеваков гардуулан өглөө.

Тэрээр бэлэг хүргэж өгөх үед 19-хөн настай байсан залуу эмэгтэй одоо 100 нас дөхөж явна. Тэр үед Монгол Улсаас Зөвлөлтийн улаан армид хүргэж өгсөн бэлгийн гурав дахь цувааны 30 орчим төлөөлөгчийн нэг болсон тэрээр Свердловскийн галын шугаманд хуваарилагдан очиж, тэндээ 7-8 өдөр болж, Монголын ард түмнээс өгсөн дээл хувцас, арьс нэхий, мах, хүнсний зүйлсийг тараан өгч байжээ.

Түүний явсан бэлгийн энэ цувааг БНМАУ-ын Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан ахалж, 1942 оны 11 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос гарч, 12 дугаар сарын тавны өдөр Москвад очин улмаар 217 воган бэлгийн зүйлээ дөрөв хувааж, дөрвөн хэсэг болон хуваагдаж байсан байна.

“Уранхай шинельтэй, уранхай бакал”-тай өрөвдмөөр цэргүүд гардан байлдаж, урагш давшиж байсан. Газар дор оковонд төмөр орон дээр өвс зулаад, дээр нь цагаан даавуу, нэг шинель хаячихсан тийм орон дээр 7-8 хонож, бэлгээ тараасан.

Монголынхоо эмэгтэйчүүд, залуучуудыг төлөөлж, фронтод буу дуугаргаж, их буугаар буудаж үзсэн. Мөн Монголын ард түмний сэтгэлийн хандиваар бүтсэн 40 гаруй танкийг хүлээлгэж өгөхөд оролцон, Дундговь аймгаа төлөөлж үг хэлж байлаа” хэмээн тэрээр дурсан ярьсан байдаг.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл