Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

ОЛОН УЛСЫН РАДИОГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ДҮРМИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАГДАНА

Нэмэгдсэн: 2013-06-05 10:57:50

ОЛОН УЛСЫН РАДИОГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ДҮРМИЙН ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ, СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАГДАНА

 Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ОУЦХБ) нь 1865 онд байгуулагдсан ба 1947 онд НҮБ-ын харилцаа холбооны асуудал хариуцсан төрөлжсөн байгууллага болжээ. Монгол улс 1964 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус байгууллагын гишүүнээр элсэн орсон ба Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газар (МТШХХГ) нь гишүүн орныг төлөөлдөг байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2012 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 137 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул хөтөлбөр”-ийн хүрээнд зөвлөгөө өгөхөөр тус ОУЦХБ-ын Сансрын асуудал эрхэлсэн хэлтсийн дарга ноён Ивон Хэнри, Ази-номхон далайн бүсийн төвийн зөвлөх ноён Ашиш Нараян, зөвлөх ноён Аврам Сион зэрэг албаны хүмүүс энэ оны 6 дугаар сарын 6-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж ажиллах гэж байна.

Энэ үеэр олон улсын радиогийн зохицуулалтын дүрмийн чиглэлээр мэдээлэл, харилцаа холбооны салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дунд нэг өдрийн сургалт, семинарыг 6-р сарын 7-ны өдөр МТШХХГ, Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Мэдээлэл Холбооны Сүлжээ ТӨК-иуд хамтран ОУЦХБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулна. Сургалт, семинарын хүрээнд харилцаа холбооны хиймэл дагуулын радио давтамжийн зохицуулалтыг олон улсад үр дүнтэй, зохих дүрэм журмын дагуу хэрхэн оновчтой хийх талаар ОУЦХБ-аас манай улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудад тодорхой мэдлэг олгохоороо ач холбогдолтой юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл