ИХШХЕГ-аас зохион байгуулсан илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Нэмэгдсэн: 2016-05-17 12:52:28

ИХШХЕГ-аас зохион байгуулсан илтгэлийн уралдааны шилдгүүд тодорлоо

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас “Байгууллагын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Тус байгууллага эрдэм шинжилгээний бага хурлын хүрээнд Харьяатын тухай хууль тогтоомж,  Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжоор зохицуулагдаж буй эрх зүйн харилцаа болон Шалган нэвтрүүлэх үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга зам сэдвээр илтгэлийн уралдаан зарлаж, шалгарсан 10 илтгэлийг хурлын үеэр хэлэлцүүлэв.

Энэхүү бага хуралд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургууль, Орхон, Их Засаг Олон Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулиас багш, оюутан, судлаачид оролцлоо.

“Харьяатын тухай хуулиар зохицуулагдаж буй эрх зүйн харилцаа,тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга зам” сэдвийн төрөлд Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Иргэний харьяаллын газрын ахлах мэргэжилтэн З.Өнөрсайхан “Иргэний давхар харьяаллын өнөөгийн нөхцөл байдал ба олон улсын туршлага” илтгэлээр Тэргүүн байр, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 4-р курсын оюутан А.Түвшинтөгс “Иргэний харьяаллыг хөнгөлөлттэй журмаар олгох хэрэгцээ, шаардлага, гадаад орнуудын туршлага” илтгэлээр Дэд байр тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.

“Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль тогтоомжоор зохицуулагдаж буй эрх зүйн харилцаа, тулгамдаж буй асуудал, боловсронгуй болгох арга зам” сэдвийн төрөлд Отгонтэнгэр их сургуулийн Хууль зүйн сургуулийн 3 Б ангийн оюутан Ч.Нансалмаа, Б.Должинсүрэн нар “Гадаадын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн эрх зүйн зохицуулалтын тулгамдсан асуудал” илтгэлээр Тэргүүн байр, тус сургуулийн 3-р курсын оюутан Б.Уугантөгс, Ц.Долгорсүрэн нар “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль ба холбогдох хуулийн тулгамдсан асуудал” илтгэлээр Дэд байрыг тус тус эзэлж, өргөмжлөл, мөнгөн  шагнал хүртлээ. 

Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний байгууллагын албан хаагч, олон нийтийн мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, тэдний эрдмийн болон судалгааны ажлын идэвх санаачилгыг нэмэгдүүлэх, харилцан мэдээлэл солилцох, бие биеэсээ суралцах боломж олгох, байгууллагын үйл ажиллагаанд гарсан дэвшил, ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, дэвшүүлж буй санал санаачилгыг дэмжин хурлаас гарах санал зөвлөмжинд тусгах, судалгааг бодлогын үйл ажиллагаанд хэлэлцүүлэх, бодлого гаргагчдад мэдээллийг хүргэх зорилготой юм.

“Зөвлөлгөө мэдээллийн төв-1900-1882”

Цахим хуудас: www.immigration.gov.mn

ИРГЭНИЙ ХАРЬЯАЛАЛ,ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл