Авлигатай тэмцэх газраас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрыг оны шилдгээр шалгаруулав

Нэмэгдсэн: 2014-12-11 11:56:51

Авлигатай тэмцэх газраас Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрыг оны шилдгээр шалгаруулав

Энэ сарын 12 дугаар сарын 9-нд Авлигатай тэмцэх олон улсын өдөр тохиолоо. НҮБ-аас тунхагласан энэхүү өдрийг  Авлигатай тэмцэх газар 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Авлигаас ангид, сайн засаглалын сайн санаачилга – 2014” уралдааныг улсын хэмжээнднийт төрийн байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарлаж, шилдгүүдээ шалгарууллаа.

Энэхүү уралдааны шилдгээр долоон байгууллага, хоёр албан тушаалтныг шалгаруулсны нэгээр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар тодорлоо.

Тус байгууллага нь хууль эрх зүй болон техник технологийн шинэчлэлийг эхлүүлж энэ хүрээнд байгууллагын  хэмжээнд мөрдөж байсан 86 журмаас эрх зүйн үндэслэлгүй, хүнд суртал дагуулсан 44 журмыг хүчингүй болгож төвд төвлөрсөн эрх мэдлийг  халж, орон нутаг дахь албадын дарга, мэргэжилтнүүдэд шийдвэр гаргах эрх өгч чадсан. Ингэснээр  иргэд цаг хугацаа алдаж Улаанбаатар хот орохгүйгээр тухайн хилийн боомт, орон нутаг дахь манай байгууллагаар шуурхай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлсэн. Техник технологийн шинэчлэлийн хүрээнд  зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх төхөөрөмжийг  өнгөрөгч 10 дугаар сард үйлчилгээнд нэвтрүүлж, Монгол Улсад орох, гарах хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон манай улсад оршин суух зөвшөөрөл, олон удаагийн визтэй гадаадын иргэнийг хурууны хээгээр улсын хил нэвтрүүлж эхэлсэн юм. Мөн татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй, хяналттай зарцуулах үүднээс 2013 оны 07 сарын 1-ний өдрөөс эхлэн байгууллагаас гаргаж байгаа бүхий л гүйлгээг цахим хуудсандаа ил тод байршуулж байна.

Шагнал гардуулах үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж Манай байгууллагын  үүдийг хэн нэгэн бизнесмэн, үйлчлүүлэгч  утга учиргүй сахидаг, дарга нарын хүнд суртлын улмаас жирийн иргэн цаг алдаж хохирдог байдлыг  хамгийн түрүүнд халахыг зорьж ажилласан. Юуны түрүүнд байгууллагын  хэмжээнд үзүүлж буй үйлчилгээг хууль эрх зүйн хувьд ямар нэгэн тээг саадгүй болгож чадлаа. Гэвч авлига, хүнд суртал өргөс авах мэт алга болчихгүй. Одоо албан хаагчдынхаа үйлчлүүлэгчидтэй харилцах харилцаа, авлига, хээл хахуульд хэрхэн өртөхгүй байх хандлагыг илүү эрчимтэй болгох чиглэлээр анхаарч ажиллана. Би авлигын эсрэг тууштай тэмцэж, түүчээ нь болж ажиллах болно хэмээн онцлов. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл