Хүний төлөө – Зөв тус аяныг амжилттай зохион байгуулав

Нэмэгдсэн: 2015-10-31 12:54:29

Хүний төлөө – Зөв тус аяныг амжилттай зохион байгуулав

2015.10.30

МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас “Хүний төлөө – Зөв тус” сарын аяныг аравдугаар сард өрнүүлж, Хөшигтийн хөндийд баригдах буй шинэ нисэх буудлын барилга угсралтын талбайд үзүүлэх сургалт зохион байгуулснаар өндөрлөлөө. Аяны хүрээнд эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалан өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн менежментийг нэвтрүүлэх, төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх сургалт, хяналт шалгалт зэрэг 41 ажлыг амжилттай гүйцэтгэжээ.

Барилга угсралтын салбарт ХАБЭА-н сайн туршлагыг судлах, үзүүлэх сургууль, сургалтыг “Трансвест” ХХК дээр зохион байгуулж, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудын инженер, техникийн ажилчдыг хамруулав. Уул уурхай, барилга угсралтын салбарын ААНБ-уудын хүний нөөцийн ажилтан, нягтлан бодогчдод хөдөлмөрийн харилцаатай холбоотой сургалтыг “МАК” компанийн хийт бетоны үйлдвэрт зохион байгуулсан байна.

Сарын аяны хүрээнд хийгдсэн нэг томоохон ажил нь ШУТИС-ийн ГУУС-тай хамтран “Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны инженер”-ийн магистрийн хөтөлбөрийг боловсруулж, БСШУЯ-аар батлуулав. Ингэснээр энэ чиглэлийн мэргэшсэн ажилтныг бэлтгэх боловсролын системийн анхны алхам болж байгаа юм. Мөн Сэрүүлэг дээд сургуулийн дэргэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан ажилтныг мэргэшүүлэх, бакалаврын зэрэг олгох сургалтыг хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

Өндрийн, хязгаарлагдмал орчны аюулгүй ажиллагаа болон оосорлох, дохиочны аюулгүй байдлын мэргэшүүлэх сургалтыг ТББ, холбоодтой хамтран үнэ төлбөргүй зохион байгуулж, 40 ажилтанд мэргэжлийн үнэмлэх олгожээ. Түүнчлэн “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах” Үндэсний 4 дэх хөтөлбөрт астестын хэрэглээг бууруулж, улмаар хэрэглэхийг хориглох зорилт дэвшүүлэн тусгуулж батлуулахаар болсон байна.

МХЕГ-ын хяналтын газрууд 2015 онд салбар, чиглэл бүртээ “Хүний төлөө – Зөв тус” аяныг өрнүүлж байгаа бөгөөд 11-р сард Хил, хорио цээрийн хяналтын газраас үргэлжлүүлнэ.


Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл