УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТНУУДАД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТУХАЙ /ЗӨВЛӨМЖ/

Нэмэгдсэн: 2019-06-14 07:45:07

УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, АЖИЛ ОЛГОГЧ, АЖИЛТНУУДАД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАЖ АЖИЛЛАХ ТУХАЙ /ЗӨВЛӨМЖ/

2019.06.12 

  Уул уурхайн салбарт сүүлийн 3 жилд 189 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 22 хүн нас барж, 92 хүн хүнд бэртэж, 75 хүн хөнгөн бэртсэн бөгөөд 2018 онд үйлдвэрлэлийн осолд 73 хүн өртөж 12 хүн нас барж, 31 хүн хүнд, 30 хүн хөнгөн бэртсэн нь тухайн жилийн нийт ослын 25,8 хувийг эзэлж байна.  

Ослын шалтгааныг гарсан орчноор нь авч үзвэл уурхайн талбайд болон үйлдвэрлэлийн талбайд нийт ослын 51 буюу 74 хувь, хүчин зүйлээр нь авч үзвэл ажлын байрны орчин, техник технологи, удирдлагын тогтолцоо зэрэг нь нийт ослын 48 буюу 65, 8 хувийг тус тус эзэлж байна.

Сүүлийн 3 жилд уул уурхайн салбарт насанд хүрээгүй хүүхэд үйлдвэрлэлийн осолд өртөөгүй боловч уул уурхайн салбарын ажил олгогч нар нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрэм, журмыг үйл ажиллагаандаа бүрэн мөрддөггүй, аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх удирдлагын тогтолцоо хэрэгжүүлдэггүй, ажлын байр, тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг баримталж ажилладаггүй, сургалтад хамрагдаагүй мэргэжлийн бус хүн ажиллуулдаг, ажилчид ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг хэрэглэж хэвшээгүй зэргээс шалтгаалан үйлдвэрлэлийн осол гарсаар байна.

Иймд уул уурхайн салбарын үйлдвэрлэл эрхэлж буй ажил олгогч, энэ салбарт хөдөлмөр эрхэлж буй ажилтан нарт Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээр дурдсан зөрчлүүдийг бүрэн арилгаж, энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн осолгүй байгууллага, хамт олон, иргэн болгохын тулд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараах ЗӨВЛӨМЖИЙГ  хүргүүлж байна.

1. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, тогтоомж, үндэсний стандарт, түүнтэй холбогдуулан гарсан дүрэм, журмын хэрэгжилтийг уул уурхай салбарын бүх аж ахуйн нэгж, байгууллага, түүний шат дамжлага, нэгж, цех, тасаг, бригад бүр хатуу мөрдөж ажиллах.

2. Уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө “Аюул, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөө” боловсруулж, Компанийн захирал, уурхайн даргаар батлуулан ажиллах. Энэ төлөвлөгөөнд ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, тохиолдож болох аюул ослоос урьдчилан сэргийлэх, холбогдох тоног төхөөрөмжүүдийн зөвшөөрлийг авах, уурхайн ажлын үе шат бүрд ХАБЭА-н арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хэмжээг нарийн төлөвлөж, хэрэгжилтийг хангаж ажиллах.

3. Уурхайн үйлдвэрлэлийн талбайд аюул осол гарч болзошгүй бүст ослоос  сэргийлэх дохио, санамж, анхааруулга, тэмдэг тэмдэглэгээ тавьж, хаалт хамгаалалтыг бүрэн хийж хэвших.

4. Уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүд болон ачаа өргөх, зөөх, буулгах тоног төхөөрөмжийн зөвшөөрлийг авсан байх, ашиглалтын паспортыг хөтлөх, бүрэн бүтэн байдлыг тогтмол хянах, аюулгүй ашиглах дүрэм журам, зааврыг чанд сахиж ажиллах.

5. Ажилтнуудаа аюулгүй ажиллагааны сургалтад хамруулж, шалгалт авсан байх, ажилтан хүн өөрийгөө болон хамтран ажиллагчдынхаа эрүүл, аюулгүй нөхцөлийг хангаж ажиллах соёл, дадлыг эзэмшүүлэх.

6. Аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, байгууллагын ХАБЭА-ын зөвлөл, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх байнгын комисс болон ХАБЭА-н алба, ажилтныг орон тоо, бүтцээр нь ажиллуулах, мэргэшүүлэх.

7. Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/36 тоот тушаалаар баталсан “Насандхүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон  ажлын байрны жагсаалт”-нд заасан ажлын байранд 18 нас хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглох.

8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээг хийж биелэлтийг хангуулах зорилгоор Засгийн Газрын 2011 оны 311 тогтоолын хэрэгжилтийг хангуулж дотоодын хяналтыг тогтмол ажиллуулж хэвших.

Энэхүү ЗӨВЛӨМЖ-ийг уул уурхайн салбарын ажил олгогч, иргэд, байгууллага, аж ахуйн нэгж бүр хэрэгжүүлэх санаачилга гаргаж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлж мөрдөж ажиллахад онцгой анхаарч ажиллахыг зөвлөмж болгож байна.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл