Бохир хальж урссан хэсэгт халдваргүйтгэл хийлгүүлэв

Нэмэгдсэн: 2019-09-29 19:34:43

Бохир хальж урссан хэсэгт халдваргүйтгэл хийлгүүлэв

Налайх дүүргийн нэгдүгээр хороонд улаан өнгөтэй бохир ус хальж урссан мэдээллийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь шуурхай ажиллаж, хяналт шалгалт хийв. Шалгалтаар бохирын цооногоос улаан өнгөтэй бохир хальж урссан байсан тул Чандмань Налайх ОНӨААТҮГ-т дуудлага өгсөн ба тус газраас Ус сувгийн удирдах газраас харьяа бохирын цооног худгаа тогтмол лайдаж цэвэрлээгүйгээс бөглөрч хальсан гэх мэдээлэл өгсөн. Чандмань Налайх ОНӨААТҮГ нь гэрээний дагуу “Рефон” ХХК-аас 15 тонн, “Ундарга хайрхан” ХХК-аас 16 тонн, нийт 31 тонн бохирыг 09.28-ны өдөр зориулалтын тээврийн хэрэгслээр зөөж бохирын цооног руу хийжээ.

Харин Ус сувгийн удирдах газрын ажилтны мэдээлснээр 09.28-ны өдөр бохир хальж урссан худаг дээр бөглөрөл үүссэн тул цэвэрлэсэн бөгөөд үүний дараа механик хольц ихтэй бохир ус нийлүүлснээс болж дахин бөглөрч худгаас хальсан гэв. Бохир ус хальж урссан талбайд ариутгал халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж, аюулгүй болгуулав.

Налайх дүүрэгт мал нядлах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Ундарга хайрхан ХХК, Алтай чандмань ХХК, Шижир зул ХХК, Гомбохайрхан ХХК компани төвлөрсөн бохир ус зайлуулах системд холбогдоогүй, гэрээгээр бохир усаа зайлуулдаг. Шалгалтын зарим компанийн бохирын худаг бөглөрсөн байдалтай байсан тул дээрх компаниудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо. Бохирын худгууд битүүмжлэл байхгүй, иргэд элдэв хог хаягдлаа худагт хаядаг бөгөөд эдгээр компаниуд бохирын цооногт бөглөрөл үүсгэх хэмжээний хольцтой бохир усаа хаясан байж болзошгүй аж.

Мэргэжлийн хяналтын байгууллага, цагдаагийн байгууллагаас үүссэн шалтгаан, нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл