Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэгчид мэргэжлийн хяналтын байгууллагыг “Хангалттай сайн ажилладаг” гэж үнэлжээ

Нэмэгдсэн: 2019-11-12 18:02:06

Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэгчид мэргэжлийн хяналтын байгууллагыг “Хангалттай сайн ажилладаг” гэж үнэлжээ

Жилээс жилд  цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагын тоо өсөн нэмэгдсээр байна. 2015 онд энэ чиглэлээр 186 ширхэг тусгай зөвшөөрөл олгогдож байсан бол өнгөрөгч онд 444, энэ оны эхний 10 сарын байдлаар 318-ыг олгоод байна. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газраас “Цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг олгох үйл ажиллагааны чанар, хүртээмж, учирч буй хүндрэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилгоор цацрагийн үүсгүүр хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллийг хамруулсан санал асуулгыг явуулжээ. 2019 оны 10 дугаар сарын 23-ны байдлаар 41 байгууллага, аж ахуйн нэгж санал асуулгад хамрагдаад байгаа ба Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг “Хангалттай сайн” хэмээн үнэлсэн байна. Тухайлбал, санал асуулгад хамрагдсан бүх байгууллагууд тусгай зөвшөөрөл олголт хуулийн хугацаанд шийдэгддэг, мэргэжил арга зүйн зөвлөгөөг хангалттай өгдөг гэсэн хариултыг өгсөн байна. Мөн тусгай зөвшөөрөл олголттой холбоотой өргөдлийн маягт, бүрдүүлэх материалын жагсаалт, улсын тэмдэгтийн хураамж төлөх заавар, олголтын мэдээ зэрэг шаардлагатай мэдээ, мэдээллийг байгууллагын вэб хуудсаар дамжуулан авч буйгаа сайшаасан байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Улсын тэмдэгтийн хураамжийг цахим системээр хэрхэн төлөх вэ” зурагт хуудсыг бэлтгэн олон нийтийн сүлжээгээр түгээхийн зэрэгцээ хүсэлт гаргагч байгууллага нэг бүрийг шаардлагатай мэдээллээр ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна. Хяналт шалгалтын дүнгээс үзэхэд цацрагийн үүсгүүртэй холбоотой үйл ажиллагаа эрхлэгчид холбогдох хууль, дүрэм журмыг гүйцэд судлаагүйгээс тусгай зөвшөөрөлгүйгээр цацрагийн үүсгүүрийг улсын хилээр нэвтрүүлэх, ашиглах, тээвэрлэх, хадгалах, үүсгүүрийг хүлээж авсан тухайгаа хуульд заасан хугацаанд мэдэгдэн улсын бүртгэлд бүртгүүлдэггүй, стандартын бус, цацрагийн хамгаалалтын шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулсан зөрчлүүд түгээмэл байна. Түүнчлэн цацрагийн хамгаалалтын тооцоог буруу тооцоолж хамгаалалт хийх тохиолдол их гардаг байна. Эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор мэргэжлийн хяналтын байгууллагаас “ЦАЦРАГИЙН ҮҮСГҮҮРТЭЙ ХОЛБООТОЙ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ-ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” сэдэвт сургалт, нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулж, 39 аж ахуйн нэгж байгууллагын удирдлага, цацрагийн дотоод хяналтын ажилтан, эмч, сувилагч, техникч зэрэг цацрагтай ажиллагсдыг хамруулсан юм.  

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 259 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн цахим мэдээлэл солилцох системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалт”-д тусгагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хамаарах төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд тусгай зөвшөөрлийн материалыг цахим хэлбэрээр авах, цаашилбал цаасны хэрэглээг бууруулах ажлууд ч үе шаттайгаар хийгдэж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл