Мэргэжлийн хяналтын байгууллагын бүх албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Нэмэгдсэн: 2020-02-19 13:15:28

Мэргэжлийн хяналтын байгууллагын бүх албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Шинэ коронавирус COVID-19-ийн тархалт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын хилийн боомт дээрх алба, хэлтэс 01.06-наас өндөржүүлсэн байдалд хяналт тандалт, ариутгал халдваргүйтгэлийг хийн ажиллаж байна. 2020.01.06-02.18 хүртэл хугацаанд Буянт-Ухаа боомтоор орох чиглэлд 187 агаарын хөлөг, 26246 зорчигч, авто болон төмөр замын боомтуудаар орох чиглэлд 28118 тээврийн хэрэгсэл, 96402 зорчигч хил нэвтрэх үед хяналт тандалт хийж, шинэ коронавирүсийн сэжигтэй 100 тохиолдлыг илрүүлэн, ХӨСҮТ болон орон нутгийн Эрүүл мэндийн байгууллагад шилжүүлжээ. Халдварын сэжигтэй 15 зорчигчийг /БНХАУ болон ОХУ-ын иргэд/ буцаасан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн МХЕГ-ын даргын тушаалаар 65 заалт бүхий тусгай горимоор ажиллах төлөвлөгөө гарган Мэргэжлийн хяналтын байгууллага системийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд энэ сарын 13-наас тусгай горимоор ажиллаж байна. Тусгай горимд улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын байгууллагын 26 шуурхай штаб, нэгж байгуулагдан 24 цагаар хариуцлагатай жижүүр томилон ажиллаж, бүх албан хаагчийг бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгах татуургын системийн аюулгүй байдлыг хангуулахад анхаарч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагуудад анхааруулав. Мөн шашны 229 байгууллагад олон нийтийг хамарсан шашин номын хурал, цуглаан, зан үйл зохион байгуулахгүй байх мэдэгдэл, Цагаан сарын баярт зориулсан реклам, сурталчилгааг даруй зогсоох тухай мэдэгдлийг хэвлэл, мэдээллийн байгуулагад хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Улсын Онцгой Комиссын хуралдааны тэмдэглэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.02.07-ны өдрийн А/45 тоот тушаалын дагуу БНХАУ-ын өвчлөл бүхий бүс нутгаас тахианы мах, өндөг, тахианы тэжээл импортлохыг хориглож, тушаалын хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Улсын хилээр нэвтэрч буй ачаа тээшинд ариутгалыг хийж байгаа бөгөөд 02.13-ны өдрөөс хойш 1475 чингэлэг, 61 вагонд халдваргүйтгэл хийж нэвтрүүлээд байна.

Улсын хэмжээнд нийт 3262, үүнээс худалдаа үйлчилгээний 1347, хоол үйлдвэрлэлийн 396, хүнсний үйлдвэрлэлийн 305, худалдаа эрхлэгч 1214 иргэдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжид нийт 64,1 сая төгрөгийн торгууль ногдуулан, зөрчил арилгуулах 104 албан шаардлага өгч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулахуйц зөрчил бүхий 15 хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газрын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар түр хугацаагаар зогсоосон.

Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй 301 нэр төрлийн 83,5 литр, 158,9 кг, 3432 ширхэг хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн 45 актаар хурааж орон тооны бус зөвлөлд шилжүүлэн хаяг шогын зөрчил бүхий 48 нэрийн 61.1 сая төгрөгийн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг зах зээлээс эргүүлэн татуулж зөрчлийг арилгууллаа. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл