Хяналтын хуудасны ач холбогдлыг түлхүү сурталчилна

Нэмэгдсэн: 2015-03-09 16:01:01

Хяналтын хуудасны ач холбогдлыг түлхүү сурталчилна

2015.03.09

Мэргэжлын хяналтын байгууллага хяналт шалгалтын үйл ажиллагаандаа шинэчлэл хийж “Хяналтын хуудас /check list/”-ыг нэвтрүүлээд тодорхой хугацаа өнгөрч байна. Улсын байцаагч энэ хуудсыг ашиглаж эхэлснээр аж ахуйн нэгж, байгууллагад хийж байгаа хяналт, шалгалт нь ил тод болж, шалгалт нэрийн дор гарч болзошгүй дарамт шахалт, хүнд суртлаас сэргийлж чадаж байна. Өөрөөр хэлбэл хяналтын хуудсанд заагдсан зүйлийн дагуу л шалгах бөгөөд үүнээс өөрийг аж ахуйн нэгж, байгууллагаас шаардахгүй болсон гэсэн үг юм.   

Мэргэжлийн хяналтын байгууллага хяналтын хуудасны ач холбогдлыг шалгуулагч аж ахуйн нэгж, байгууллага төдийгүй иргэдэд сурталчлах чиглэлээр дорвитой ажил хийхээр тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна.  

Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд 2015 оны гуравдугаар сарын есний өдөр ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн холбооны хүрээлэн /BGR/-гийн Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан газрын дарга, доктор Арне Хоффманн-Ротэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцах үедээ энэ тухай санал солилцлоо.

BGR-ийн хувьд байгаль орчин, геологи, уул уурхайн салбарт ашиглаж байгаа хяналтын хуудсыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлах чиглэлээр тодорхой хэмжээний хөрөнгийн дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийллээ.  

BGR нь сүүлийн есөн жил МХЕГ-тай хамтран “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийг хэрэгжүүлж дуусч байгаа бөгөөд энэ мягмар гарагт албан ёсоор дүгнэх юм. Төслийн хүрээнд улсын байцаагчдыг чадавхжуулан, дотоод, гадаадын сургалтад хамруулж, хяналтын шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж иржээ. Талууд цаашид геологи, уул уурхайн салбарт мэдээллийн систем бүрдүүлж нэвтрүүлэх бичил төслийг ойрын хоёр жил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл