Төсөл хэрэгжүүлснээр уул уурхайн нөхөн сэргээлт 52,8 хувь болон нэмэгджээ

Нэмэгдсэн: 2015-03-10 15:11:33

Төсөл хэрэгжүүлснээр уул уурхайн нөхөн сэргээлт 52,8 хувь болон нэмэгджээ

2015.03.10

МХЕГ, ХБНГУ-ын Геошинжлэх ухаан, байгалийн нөөцийн газар /BGR/ хамтран “Уул уурхайн салбар дахь байгаль орчны хамгаалал” төслийг 9 дэх жилдээ хэрэгжүүлээд байна. Геологи, уул уурхайн салбар, байгаль орчныг хамгаалах хуулийн хэрэгжилтийг сайжруулах, уул уурхай, байгаль орчин хамгаалахад чиглэсэн мэргэжлийн байгууллагын хяналтын арга барилыг сайжруулахад чиглэгдсэн уг төсөл 2005 оноос эхэлсэн юм. Энэ хүрээнд Сэлэнгэ, Төв, Өмнөговь аймгийг загвар болгож төслийг хэрэгжүүлжээ.

Төслийн хаалтын уулзалт, семинар өнөөдөр болж хэрэгжилт, хэрэгжүүлэх явцад олсон мэдлэг, туршлага, үр дүнгээ хэлэлцлээ. Уулзалтанд ХБНГУ-ын Элчин сайдын яам, БОНХАЖЯ, УУЯ, МХЕГ, АМГ болон BGR-ийн удирдлага, GIZ, Азийн сан, Дэлхийн банкны төлөөлөгчид оролцлоо.

Төсөл хэрэгжүүлэх явцад уул уурхайн нөхөн сэргээлтийн онол практикийн хурлыг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдэд жил бүр зохион байгуулж, хяналтын улсын байцаагчдыг чадавхижуулах дотоод, гадаадын олон сургалтад хамруулсан байна. Байгаль орчин, геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагааг цогц, үр дүнтэй болгох зорилт тавьснаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгаль орчны доройтлыг бууруулахад дэвшил гарч, уул уурхайн үйл ажиллагаанаас эвдрэлд орсон газрын нөхөн сэргээлт 2003 онд 3% байсан бол 2014 онд 52,8 хувь болон өсчээ.  

Түүнчлэн энэ оноос байгаль орчин, уул уурхайн хяналтын мэдээллийн системийг шинээр ашиглалтанд оруулж, мэдээллийн санг үүсгэснээр Мэргэжлийн хяналтын байгууллага, холбогдох яамд, агентлагуудтай нэгдсэн сүлжээгээр мэдээлэл шуурхай солилцох, тухайн аж ахуйн нэгжийн зөрчлийн түүх, хяналт шалгалтын мэдээлэл нэгтгэгдэн хяналт шалгалтын үр дүн, ил тод байдал сайжрах юм. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл