Эрүүл ахуй, хорио цээр, аюулгүй байдлын тогтолцоог сайжруулна

Нэмэгдсэн: 2015-03-16 20:05:18

Эрүүл ахуй, хорио цээр, аюулгүй байдлын тогтолцоог сайжруулна

2015.03.16

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа /CAREC/ хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, хорио цээр, аюулгүй байдлын хяналтын тогтолцоог сайжруулах зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газар Азийн хөгжлийн банктай хамтран ажиллах гэж байна.

“Бүс нутгийн эрүүл ахуйн хорио цээрийн тогтолцоог шинэчлэх замаар худалдааг дэмжих төсөл”-ийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд судалгааны ажил эхлээд багагүй хугацаа өнгөрөөд байгаа юм. 

Бүс нутаг хариуцсан зохицуулагч Кристина Лозано тэргүүтэй төлөөлөгчдийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд 2015 оны гуравдугаар сарын 16-ны өдөр хүлээн авч уулзаж ярилцлаа.

Судалгааны баг энэ сард Баян-Өлгий, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорноговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, харъяа лаборатори, Мал эмнэлэг, үржлийн газар болон Цагааннуур, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба, хэлтсийн ажилтай танилцан, дарга, улсын байцаагч, ажилтнуудтай уулзаж, судалгаа хийх юм.

МХЕГ-ын хувьд энэ төсөлд хамрагдан хилийн боомтуудын барилга байгууламж, хяналт шалгалт, лабораторийн тоног төхөөрөмж, шинжилгээний чадавхийг нэмэгдүүлэх, улсын байцаагчийн үзлэг, шалгалтын багаж хэрэгслээ сайжруулахыг зорьж байна.

Төсөл хэрэгжсэнээр улсын хилээр нэвтрэх малын болон ургамлын гаралтай бүтээгдэхүүний аюулгүй байдал хангагдах боломж бүрдэх юм. Засгийн газрын түвшинд дэмжлэг авсан энэ төслийг хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Раднаасэд илэрхийллээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл