Мэргэжлийн хяналтынхны зөв жишиг

Нэмэгдсэн: 2015-04-06 10:13:45

Мэргэжлийн хяналтынхны зөв жишиг

Мэргэжлийн хяналтынхны зөв жишиг

http://www.itoim.mn/?p=7669 

5c4juebsc22u6kgos356egfq9g

Шийдлийн Засгийн газар баялаг бүтээгчдийг дэмжих, тэдэнд дарамтгүй төрийн үйлчилгээг бий болгох, ингэхдээ төрийн хяналт шалгалтын хүчийг сулруулахгүй ажиллахыг эрмэлзэж байгаа. Эдийн засгийн өсөлтийг өөд нь татахад ачааны хүндийг үүрэлцэж буй хувийн хэвшлийнхнийг дэмжих чухал. Энэ шаардлагын үндсэн дээр хяналт шалгалтын байгууллагууд цаг үеэ мэдэрч үйл ажиллагааны арга тактикаа өөрчилж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага л гэхэд “шилэн хяналт”-ын стратегиа боловсруулж, хяналт шалгалтын шинэ тогтолцоонд шилжчихлээ.

Эхнээс нь “хяналтын хуудас”-ыг онцолж болно. Тус байгууллага олон жилийн судалгаа, гадаад улсын туршлага, иргэдийн санал гомдлыг харгалзан хяналтын хуудсыг нэвтрүүлээд байна. Хоолны рестораны эзэн л гэхэд хяналтын хуудсыг МХЕГ-ын веб сайтаас үнэгүй татаж аваад, тэндээсээ өөрийн ресторанд заавал мөрдөгдөх ёстой стандарт, норм, нормативыг өөрөө дүгнэж болж байна. Ингээд дутагдалтай байгаа зүйлсээ залруулж, дараа нь мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар ирж шалгахад, “Манайх энэ стандартуудыг бүгдийг нь биелүүлчихсэн” гээд үзүүлж болж байна. Хяналтын хуудсыг 24 салбарын 174 төрлөөр гаргасан учраас барилгынхан, хүнс үйлдвэрлэлийнхэн, уул уурхайнхан, жижиг дунд үйлдвэрлэлийнхэн, худалдааныхан гээд бүгд ашиглах боломжтой. Хяналтын хуудас бол нэг талаас бизнес эрхлэгчдийн хувьд дотоод хяналт шалгалтын гарын авлага нь. Нөгөө талаас иргэний эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд төрөөс нэвтрүүлсэн хяналт шалгалтын шинэ хандлага юм.

Дээр нь, шалгаж байгаа нэрийдлээр ялихгүй зүйлээр шалтаглаж дарамталдаг, хүнд суртал гаргадаг, юм л бол торгууль, акт тавьдаг гэх мэргэжлийн хяналтын байгууллагын нэр хүндийг унагадаг ам дамжсан яриа үүгээр төгсгөл болж байна. Улсын байцаагч нар шалгалт хийхдээ хяналтын хуудсанд заасан заалт, стандартыг мөрдөж байна уу гэдгийг л шалгана. Хяналтын хуудсанд зааснаас өөр зүйл нэхэж, асуух зэргээр шалтаг гаргаж эхэлбэл бизнес эрхлэгчид шаардлагыг нь биелүүлэхгүй байх эрхтэй болж байна. Зоогийн газрын эзэн, улсын байцаагч хоёрт яг адилхан үг, өгүүлбэртэй хяналтын хуудас байгаа учраас нэг нь шалгалтад эртнээс бэлдэж, нөгөө нь хувийн ашиг сонирхол гаргахгүй шалгах болчихлоо. Зоогийн газрын эзэн стандартаа мөрдвөл хоолонд хүн хордохгүй. Барилгын гүйцэтгэгч компани стандарт мөрдвөл барилгаас хүн унахгүй, орон сууц чанартай баригдана. Эцсийн дүнд хэрэглэгч, үйлчлүүлэгч хамгийн их хожно. Түүнчлэн МХЕГ-ын даргаас авахуулаад анхан шатны нэгжид ажиллаж буй улсын байцаагч, ажилтнууд ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж эхэллээ. Монголчууд цөөхүүлээ дээр нь аймаг, орон нутагт бүгд нэгнийгээ таньдаг. Бараг л сумаараа ах дүү, амраг садан, анд нөхдийн холбоотой. Ийм учраас мэргэжлийн хяналтынхан хяналт шалгат хийх, захиргааны акт гаргах, хариуцлага хүлээлгэх, ажлын хэсэг ахлах, тендерийн үнэлгээний хороонд ажиллахын өмнө ашиг сонирхол үүсэхээр бол татгалзаж, энэ тухай удирдлагууддаа мэдээлдэг болжээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг баталж, мөрдсөнөөс хойш төрийн байгууллагууд тендер, худалдан авалт, төсвийн мэдээллээ ил тод болгосон. “Шилэн” гэдэг үг ч тренд боллоо. Мэргэжлийн хяналтын байгууллага ч “Шилэн хяналт”-ыг нэвтрүүлжээ. Төлөвлөгөөт шалгалт хийх хуваариа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхаа веб сайтад байршуулсан байна. Аймаг, дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллагууд ч энэ жишгийг мөрдөж эхэлжээ. Хэзээ, хаана, аль обьектийг шалгах гэж байгааг иргэн, бизнес эрхлэгч, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн хяналтын улсын байцаагч интернэтээс шууд унших боломжтой болов. Хэний байгууллагыг хэзээ шалгахыг мэдэж, матаасаа ч, магтаалаа ч мэргэжлийн хяналтынханд уламжлах боломжтой болов. Аж ахуйн нэгжүүд шалгалт ирэхээс нь өмнө зөрчлөө арилгаж, бүх юмаа “жин тан” болгочихоод пээдийгээд сууж байх боломжтой болов. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар “Өнөөдөр шалгалт ирэхийг та нар мэдэж байсан шүү” гээд хяналтын хуудсын дагуу шалгалтаа маргаангүй, амар тайван хийх боломжтой болчихлоо.

Мэргэжлийн хяналтынханд шалгуулна гэдэг өөрөө бас л “ядаргаа” гэдэг. Томоохон зочид буудал, ресторанынхан бол 1-2 хоног хаалгаа барьж, орлогогүй ажиллана гэсэн үг. Юу ч болоогүй байхад улирал бүр, сар бүр шалгуулахад ер нь л таагүй ханддаг байх. Тэгвэл мэргэжлийн хяналтынхан аж ахуйн нэгжүүдийг эрсдэлээр нь ангилж, эрсдлийн төвшингөөр нь шалгалтын давтамжийн хугацаагаа өөрчлөхөөр болжээ. Бараг л эрсдэлгүй аж ахуйн нэгжийг жилд нэг удаа, дунд зэргийн эрсдэлтэй бол хагас жилд нэг удаа, ихээхэн эрсдэлтэй аж ахуйн нэгжийг улирал, эсвэл сар бүр шалгаж байх нь. Нийтээр нь толгой дараалж шалгахгүй, ингэж “ядаргаа” болохгүй. Ингэснээр мэргэжлийн хяналтынхан өөрсдийнхөө болон бусдын цаг зав, хөрөнгө төсөв, нервийг үрэхгүй юм. Эрсдэл өндөртэй аж ахуйн нэгжүүд зөрчлөө багасгаж, дотоод хяналт шалгалтаа сайжруулж аль болох эрсдэл багатай аж ахуйн нэгжид тооцогдохыг хичээнэ.

“Юм л бол торгоно, хаана, бооно гэдэг ойлголт Мэргэжлийн хяналтын байгууллагад одоо байхгүй. Харин үүний оронд бид аж ахуйн нэгжүүдэд зөрчил гаргахгүй байх тал дээр нь хамтран ажиллаж зөвлөнө, туслана, дэмжинэ” гэж улсын байцаагч нар хэлэв. Үүнийгээ “зөвлөн туслах ажиллагаа” гэж томъёолж байна. Бүтээн байгуулалтын ажил эхэлж буйтай холбоотойгоор мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар барилгын салбарынханд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны талаар сургалт явуулсан. Анаж байгаад алдахаар нь торгодог биш урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүргээ эхэнд тавьсан нь энэ. “Хүний төлөө-Зөв тус” аянаар дэд бүтцийн салбарынхан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх талаар нэгэндээ сайн дадал, туршлагаа хуваалцаж, нэгнээсээ суралцаж, бас мэргэжлийн хяналтын байгууллага, сургагч багш нараас их зүйл сурсан. Төрийн хяналтын байгууллага ингэж шалгаж дарамтлахаас илүүтэй зөвлөдөг, тусладаг, сэрэмжлүүлдэг байгууллага болон өөрчлөгджээ.

Гэхдээ эдийн засгийг өсгөхийн тулд баялагч бүтээгчдэд дарамт багатай ажиллана гээд төрийн хяналт шалгалтыг султгаж болохгүй. Зөвдөө зөөлөн, бурууд хатуу байх нь энэ байгууллагын үйл ажиллагааны зарчим. Ялангуяа үндэсний аюулгүй байдлын манаанд зогсдог Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагч зөвлөнө, туслана гээд хууль зөрчигчдийн толгойг илээд байх ёсгүй. Иймээс ч үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, шударга болгож энэ хэрээрээ аж ахуйн нэгжүүдээс хууль дээдлэхийг тэд шаардаж буй юм. Тэд “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд зөрчилтэй, зөрчлөө арилгаагүй, улсын байцаагчийн акт шаардлагыг удаа дараа биелүүлээгүй, хэрэгжилтийг хангуулж ажилладаггүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг албадан зогсоосон юм.

Түүнчлэн МХЕГ өөрийн Сургалт, мэдээлэл, үйлчилгээний төвөө өргөтгөн Зөвлөгөө, мэдээллийн төв болгон ажиллуулж эхэлжээ. Энэ төвөөс мэргэжлийн хяналтын байгууллагаас иргэд, аж ахуйн нэгжид үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авч болохоос гадна албан бичиг, санал гомдлоо илэрхийлж болох юм. Цаашид аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд нэг загварын хаяг бүхий Зөвлөгөө, мэдээллийн төв байгуулж ажиллуулах юм. Хамгийн сүүлд тус төвөөс  авсан мэдээллийг хүргэхэд, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар авч гарах амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн экспортын гэрчилгээг энэ сарын 1-нээс тухайн аймаг, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар олгож эхэлжээ. Өмнө нь иргэд гэрийн тэжээвэр амьтан, хувийн хэрэгцээний зориулалтаар мах, махан бүтээгдэхүүнийг хилээр авч гарах бол заавал нийслэлд ирж МХЕГ-т хандаж гэрчилгээ авч байлаа. Эрхийг нь аймаг, нийслэлд шилжүүлснээр иргэд гэрчилгээ авах гэж цөөнгүй хоног зарцуулдаг байсан нь ийнхүү дуусгавар болж байгаа ажээ. Ийнхүү хяналт шалгалтын байгууллагуудад сайн жишиг болохуйц арга ажиллагааг Ш.Раднаасэд даргатай МХЕГ-ынхан нэвтрүүлээд байгаа юм.

Санал болгож байна
2020-02-23 23:38:17

Төрийн байгууллагуудын мэдээлэл