Ховд, Баян-Өлгийд нэгдсэн шалгалт хийж байна

Нэмэгдсэн: 2015-04-27 14:30:44

Ховд, Баян-Өлгийд нэгдсэн шалгалт хийж байна

2015.04.27

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнс, хөдөө аж ахуй, дэд бүтэц, хөдөлмөр,нийгмийн хамгаалал, газрын харилцаа, хил, хорио цээр, цацрагын чиглэлээр Баян-Өлгий, Ховд аймгууд, Булган, Цагааннуурын хилийн боомтуудад хяналт шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг нийт 40 обьектод үзүүлж, гурван төрлийн сургалтыг орон нутагт зохион байгуулж байна.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус аймаг, сумдад эрсдэл ихтэй гэж бүртгэгдсэн аж ахуй нэгж, байгууллагууд, хүнсний аюулгүй байдал алдагдуулж, хоолны хордлого гаргасан сургууль, цэцэрлэгүүд хяналт шалгалтанд хамрагдаж байгаа юм.

Шүлхийн хорио цээрийн асуудлаар санал солилцов

Ховд аймгийн Булган, Үенч сумдад малын шүлхий өвчин гарсантай холбогдууланвакцинжуулалт, чанар аюулгүй байдал, Булган хилийн боомтоор зорчиж байгаа иргэд, тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлтийн үйл ажиллагаатай МХЕГ-ын ХХААХГ-ын дарга Ч.Энх-Амгалан, холбогдох улсын байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг газар дээр нь танилцаж, аймгийн удирдлагуудтай уулзаж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцлоо.

Тус аймгийн Булган, Үенч сумдад малын гоц халдварт шүлхий өвчин гарч 76 хот айлын 922 толгой мал өвчилсөн учир аймгийн Засаг даргын А/73 тоот захирамж гарган 3-р сарын 05-аас хорио цээрийн дэглэм тогтоож, тус хоёр сумын хүн, малын хөдөлгөөнийг бүрэн хязгаарласан, шүлхийн голомтод 195 иргэд байна.

Хорио цээрийн дэглэмийг сахиулах ажиллагаанд Булган суманд 13 хяналтын цэг, 40 хүн, 13 тээврийн хэрэгсэл, Үенч суманд 1 хяналтын цэг, 4 хүн, нийт 44 хүн, 55 хоног ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд ариутгал халдваргүйжүүлэлтийг 47800 м2 талбайд хийж, хилийн боомт орох засмал зам дээр иргэд, тээврийн хэрэгсэлд 3 цэгт ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.  

Булган, Үенч, Алтай сумдын нийт 386769 толгой малын 97 хувьд 2 дахь шатны вакцинжуулалтыг хийж, орон нутгийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьж, тандалт судалгаа хийж байгаа аж.  

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл