Хяналтын байгууллага ажлын шинэ арга хэлбэрт шилжлээ

Нэмэгдсэн: 2015-05-07 15:48:02

Хяналтын байгууллага ажлын шинэ арга хэлбэрт шилжлээ

2015.05.07

2014 онд хяналт шалгалтанд хамрагдсан обьектын тоог 2009 онтой харьцуулахад 5 дахин буурсан байгаа нь шалгалтыг эрсдэлд суурилан явуулдаг болсны үр дүн юм. 2010 оноос өмнө улсын байцаагчид 100 хувь хяналт шалгалт хийдэг, ажлаа ч ингэж төлөвлөн явуулдаг байсан бол эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг нэвтрүүлснээр 30-40 хувьд нь хяналт шалгалт, үлдсэн 50-60 хувьд нь зөвлөн туслах үйлчилгээ, урьдчилан сэргийлэх, тандалт судалгаа, хяналт шинжилгээ, салбарын сургалт зохион байгуулах болсон юм.

Өөрөөр хэлбэл шалгалт л хийдэг байсан тогтолцоог өөрчилж аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих зорилгоор зөвлөн тусалдаг, сургадаг, урьдчилан сэргийлдэг, шалгалт хийдэг болж ажлаа олон улсын хяналтын байгууллагуудын жишигт нийцүүллээ.  

Эрсдэл үүсэх магадлалыг салбар бүрээр гаргадаг боллоо

Мэргэжлийн хяналтын байгууллага энэ оноос эхлэн хяналтын хуудсаар хийсэн шалгалтын үр дүнд тулгуурлан эрсдэл үүсэх магадлалыг салбар бүрээр нь гаргадаг боллоо. Хийсэн шалгалтаас үзвэл далд уурхай, эм үйлдвэрлэгч, баяжуулах үйлдвэр, өргөх байгууламж ашиглагч, барилгын материал үйлдвэрлэгч, ус хангамжийн байгууллага, авто зам, замын байгууламж, мал, түүхий эд бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгч, ил уурхай,  газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын явцад эрсдэл үүсэх магадлал 30.6-94.8 хувьтай байна гэсэн дүн гарчээ. Эрсдэлийг урьдчилан таамаглаж, учир шалтгааныг нь олж тогтоосноор түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн хяналтын байгууллагын хүн, санхүү, техникийн нөөц бололцоог өндөр, дунд эрсдэлтэй хэсэгт зөв хуваарилж ажиллахад чухал ач холбогдолтой юм. Мэргэжлийн хяналтын байгууллага 2014 онд 65 923 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг эрсдэлийн үнэлгээнд хамруулснаас 11475 буюу 17.4 хувь нь их, 40 379 буюу 61.3 хувь нь дунд, 14 069 буюу 21.3 хувь нь бага эрсдэлтэй гэж үнэлэгджээ. 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл