ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг Монголын багш нарын баярын мэндчилгээ дэвшүүлж байна

Нэмэгдсэн: 2016-09-30 16:47:12

ХУД-ийн Засаг дарга Ж.Ганхуяг Монголын багш нарын баярын  мэндчилгээ дэвшүүлж байна

       Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын салбарын нийт ажилтан, албан хаагчид, хүүхэд багачууд, эцэг эхчүүд ээ...

Монголын ирээдүй хойч үед боловсрол олгох үйл хэрэгт эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаан, бүхий л  амьдралаа харамгүй зориулсан ахмадууд, бие сэтгэл, эрдэм оюунаа зориулан хүчин зүтгэж яваа эрдэмтэн, багш нар,  боловсролын салбарын ажилтан, албан хаагчид та бүхэндээ Монголын багш нарын 50 дахь өдрийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт төрийн болон төрийн бус өмчийн 108 цэцэрлэгт 14129 хүүхэд, 31 сургуульд 24896 сурагчид сурч хүмүүжиж, 2180 багш ажиллаж байна.

Дүүргийн зүгээс боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч сурагчдын эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих, багш нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэхэд зориулж 2014 оноос эхлэн “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийг боловсруулан амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн үр нөлөө сургууль, цэцэрлэгүүдийн ололт амжилтад эхнээсээ нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна.

2015-2016 оны хичээлийн жилд манай дүүрэгт 5 цэцэрлэг, 3 бага сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орж дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдалт 84 хувьд хүрч, олон зуун хүүхэд багачууд будаг нь ханхалсан шинэ сургууль, цэцэрлэгтээ эрдмийг өвөртлөн сурч хүмүүжиж байгааг дуулгахад таатай байна.

Шинэ зууны боловсролын хурдасгуур, бүтээлч хөдөлмөрийн эзэд болсон нийт соён гэгээрүүлэгч багш нартаа хүндэтгэл илэрхийлж, эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА  Ж.ГАНХУЯГ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл