“Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг барилгын талбайд болов

Нэмэгдсэн: 2013-05-20 14:30:17

“Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг барилгын талбайд болов

Шинэчлэлийн Засгийн газраас  сар бүр зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222”  нээлттэй хэлэлцүүлэг “Бүтээн байгуулалт- орон сууцжуулалт” сэдвийн дор “МД Тоф констракшн” компанийн барилга угсралтын задгай талбайд өнөөдөр өрнөлөө.

Иргэдийг орон сууцжуулах талаар авч байгаа арга хэмжээний талаархи Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайханы мэдээллээр хэлэлцүүлгийг нээсэн юм.

2012 онд 11 000 айлын орон сууц ашиглалтад орсон бол 2013-2014 онд 34 000 айлын орон сууцны барилга ашиглалтад орно. Зарим хорооллын дэд бүтцийн асуудал шийдэгдэж байгаатай холбоотойгоор энэ тоо 40 000 хүрэх бололцоотой гэж Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан энэ үеэр хэллээ.  

Орон сууцны зээл, өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухайд 2012 оны байдлаар  иргэдийн орон сууцны зориулалтаар авсан зээлийн хэмжээ 845,0 орчим тэрбум төгрөгт хүрээд байна.

2004-2007 онд хэрэгжсэн “Гэр хорооллын нөхцөл сайжруулах төсөл”-ийн хүрээнд 10 хотын гэр хорооллын 1822 иргэнд 1.2 сая ам. долларын зээлийг банк, банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан олгосноор, орон сууцыг урт хугацааны зээлээр худалдан авах санхүүжилтийн тогтолцооны эхлэлийг тавьсан.

Үүний дараагаар “Төрийн албан хаагчдын орон сууц” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс “Төрийн албан хаагчдад орон сууцны хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг боловсруулж Барилга, хот байгуулалтын сайд (хуучин нэрээр), Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 92/153 дугаар тушаалаар батлуулсан.

Энэхүү журмын дагуу төрийн албан хаагчдыг жилийн 8 хувийн хүүтэй, урт хугацааны орон сууцны зээлд хамруулах ажлыг 2010-2011 онд зохион байгуулж, нийт 147.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 4353 хүнд олгожээ.

Мөн “100,000 айлын орон сууц” төслийг хэрэгжүүлэхийн тулд “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ыг батлуулж, энэхүү журмын хүрээнд 1635 зээлдэгчид 71,4 тэрбум төгрөгийн зээлийг олгоод  байна.

Энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн болон  санхүүжилтийн асуудалтай байгаа 34,0  мянга орчим айлын орон сууцны  900,0 тэрбум төгрөгийн өртөг бүхий  110 гаруй төсөл арга хэмжээг үе шаттайгаар санхүүжүүлэх ажлыг  Засгийн газраас банкуудаар дамжуулан зохион байгуулж байна.

Цаашид иргэдийг орон сууцжуулах, орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох зорилгоор шинээр баригдаж, бүрэн ашиглалтад орсон, 80м2 дээшгүй талбай бүхий орон сууц, эсвэл  ашиглагдаж байгаа хуучин орон сууцнаас худалдан авахаар хүсэлт гаргасан, орон сууцны  нийт үнийн дүнгийн 10-30 хувийн  урьдчилгаа төлбөр төлсөн иргэдийг жилийн 8  хувийн хүүтэй, 20 хүртэлх жилийн хугацаатай, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журмыг энэ долоо хоногт батална гэж салбарын сайд мэдээлэв.  

576 айлын 16 давхар хоёр барилгын ажилд нийт 1000 гаруй монгол  залууг ажлын байраар хангаж, хөдөлмөрийн тааламжит нөхцөл бүрдүүлэх, ажилчдын орон сууц хангамжийг нэмэгдүүлэх зэргээр нийгмийн цогц асуудлыг шийдэж байгаа  “МД Тоф констракшн” компанийн удирдлагад Ерөнхий сайд Н.Алтанхуяг баяр хүргэлээ.

“Шинэчилж шийдье-222”  нээлттэй хэлэлцүүлгийг энэ удаад барилгын талбай дээр яг ажил буцалж байгаа халуун цэгт хийснээрээ онцлог болж буйг Засгийн газрын тэргүүн онцоллоо.

Засгийн газар байгуулагдснаас хойш барилгын салбарт хэрэгжүүлсэн ажлуудаа тэрээр танилцуулсан юм. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих үүднээс одоогийн байдлаар 100-аад тэрбум төгрөгийг үйлдвэрлэгч нарт олгоод байгаа. Мөн дутуу баригдсан орон сууцнуудын санхүүжилтэнд 380 тэрбум төгрөгийг олгохыг Монгол банкинд даалгаад байна.  Орон сууцны амин сүнс болсон дэд бүтцэд 204 тэрбум төгрөг шийдвэрлэснээ хэлэв.

“Шинэчилж шийдье-222”  нээлттэй хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүд, Монголбанкны болон арилжааны банкнуудын удирдлага, барилга угсралтын компаниудын захирлууд, барилгын материал үйлдвэрлэлийн төлөөлөл оролцож,  орон сууцжуулах талаар төрөөс баримталж байгаа бодлого, барилгын салбарын   тулгамдсан асуудлууд,  шийдвэрлэх арга замын  талаар ярилцлаа. 

Хэлэлцүүлгээр орон сууц тойрсон олон асуудлаар ярилцсан ч орон сууцны санхүүжилтийн асуудал хэлэлцүүлгийн цөм нь байв.

Төрийн байгууллагуудын мэдээлэл