Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Нэмэгдсэн: 2013-12-09 11:15:39

Монгол-Германы Засгийн газар хоорондын 2011 оны Зөвлөлдөх уулзалтаар биологийн төрөл зүйлийг хамгаалах, байгаль орчны салбар дах хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэлээр тодорхойлж, техникийн болон санхүүгийн дэмжлэгийн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцсон. Улмаар өнгөрсөн оны  Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын хэлэлцээгээр “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох” төслийг Германы Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр уг төслийг хэрэгжүүлэх санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Герхард Тийдеманн нар гарын үсэг зурлаа.

Уг төслийг ХБНГУ-ын Санхүүгийн хамтын ажиллагааны хүрээнд 11,5 сая еврогийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

Төслийн зорилго нь бүс нутгийн хүн амын амьжиргааны нөхцлийг сайжруулах, тодорхой экологийн ач холбогдол бүхий газар нутгийг хамгаалж, тогтвортой менежмент хийх замаар биологийн төрөл зүйлийг хадгалан хамгаалахад чиглэнэ. Төслийн хүрээнд зургаан тусгай хамгаалалттай газар нутаг болон эко-корридорыг төлөвлөн хөгжүүлэх боломжтой болно.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл