ХУРАНДАА С.АМАРСАЙХАН ЮНИТИ МУЖИД АЖИЛЛАВ

Нэмэгдсэн: 2016-01-26 23:30:51

ХУРАНДАА С.АМАРСАЙХАН ЮНИТИ МУЖИД АЖИЛЛАВ

 БНӨСУ-д явагдаж буй UNMISS ажиллагааны Хойд секторын командлагч, хурандаа С.Амарсайхан тэргүүтэй төлөөлөгчид Юнити мужид ажлын айлчлал хийлээ. Тэд Лийр сум болон Бентью хот, Фадях, Адок суурингуудын сөргөлдөгч талын удирдлагууд болон орон нутгийн иргэдтэй уулзав. Айлчлалын зорилго нь Лийр суманд үүрэг гүйцэтгэж буй монголын цэргийн алба хаагчид болон шинээр баригдаж буй түр ажиллагааны баазын бүтээн байгуулалттай танилцан, нутгийн удирдлагуудтай уулзаж, НҮБ болон орон нутгийн иргэдийн цаашдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зэрэгт анхаарлаа хандуулах байв. Айлчлалын эхний өдөр Бентью баазад ажилласан бөгөөд Хойд секторын тэргүүний штабын бүрэлдэхүүн болон Монгол, Гана, Непал улсын энхийг сахиулагчдын байрлаж буй бааз, харуулын цэгүүдийн үйл ажиллагаатай танилцсаны зэрэгцээ орон гэрээсээ дайжсан иргэдийн хуарангаар орлоо. Дараа нь Бентью хотоос урагш 140 км-т байрлах Лийр сумыг зорьсон бөгөөд Бентью хотоос Лийр сум хүртэлх замыг сайжруулан засч буй Энэтхэгийн инженерийн ротын бүрэлдэхүүнтэй уулзаж, ажлын явцтай танилцав.

Монголын энхийг сахиулагчид Лийр суманд түр баазаа байгуулаад 3 сар гаруй хугацааг өнгөрүүлээд байгаа юм. Айлчлалын бүрэлдэхүүн тус баазаар зочилж, үйл ажиллагаатай танилцсаны дараа Өмнөд Лич мужийн даргын орлогч, ноён Куиц болон албаны бусад хүмүүстэй уулзаж, иргэдэд нэн тэргүүнд тулгамдаад буй хүнс, эрүүл мэнд, боловсролын асуудлаар хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцов. Үүний дараа Лийр сумаас хойш 20 гаруй км-т байрлах Фадях сууринд очиж, тус мужийн Засгийн газрын эсрэг хүчний талын дарга, ноён Куон Кони Долл болон нутгийн удирдлагын бусад төлөөлөлтэй уулзаж, НҮБ-ын үйл ажиллагааны талаарх санал бодлыг нь сонслоо. Mонголын энхийг сахиулагчид Лийр суманд байрлаж эхэлснээс буюу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш сөргөлдөгч талуудын хооронд байлдааны ажиллагаа зогсож, гэмт хэргийн гаралт эрс буураад байгаа талаар ноён Куон Кони Долл дурдаад тусгайлан баяр хүргэв. Тэдний хувьд хамгийн тулгамдаад байгаа асуудал нь хүнсний хомсдол аж. Засгийн газрын хүчнийхэн суурингийн иргэдийн үхрийг дээрэмдсэн учир хүнсний ямар ч эх үүсвэргүй болсон аж. Одоогоор дал модны хатсан үр, шатсан модны гол зэргээс өөр ямар ч идэх хүнс иргэдэд байхгүй гэж нутгийн удирдлагууд хэлж байв. Айлчлалын бүрэлдэхүүн Фадях суурингаас урагш 30 гаруй км-т орших Адок сууринд ажиллав. Тэнд Засгийн газрын эсрэг хүчний Өмнөд бүсийг хариуцсан командлагч, хошууч генерал Майкл, Лийр сумыг хариуцсан цэргийн командлагч, бригадын генерал Габриель болон бусад удирдлагын төлөөлөлтэй уулзаж, харилцан санал солилцлоо. Орон нутгийн удирдлагын зүгээс UNMISS болон олон улсын хүмүүнлэгийн бусад ажиллагааг бүрэн дэмжиж ажилладгаа илэрхийлсэний зэрэгцээ энхийг сахиулагчид манай нутагт ирснээс хойш энх тайван байдал харьцангуй түргэн тогтож байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. “Хэдийгээр энхийн хэлэлцээр байгуулагдсан ч Засгийн газрын хүчин иргэдийн үхрийг хүчээр булаан авах, эмэгтэйчүүдийг хулгайлан хүчирхийлэх, иргэдийн орон гэрийг дээрэмдэн, галдан шатаах зэрэг үйлдлүүдийг хийсээр байгаа нь санаа зовоосон асуудал болж байна” хэмээн хошууч генерал Майкл өгүүллээ. Харин хурандаа С.Амарсайхан “Та бүхний асуудлыг шийдвэрлэхэд бүх л талаар дэмжиж ажиллана. Өмнөд Судан улсын иргэдийн хүний эрхийг зөрчиж буй хүчин зүйлсийг таслан зогсоох нь энхийг сахиулагчдын үүрэг. Удахгүй Лийр суманд илүү олон тооны энхийг сахиулагчид байрлах шинэ ажиллагааны түр бааз байгуулахаар ажиллаж байна. Ингэснээр хүнс, эрүүл мэнд, боловсрол гээд олон төрлийн хүмүүнлэгийн тусламжийг та бүхэнд үзүүлэх үүд хаалга нээгдэнэ. Тиймээс бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, НҮБ-ын цэргийн хөдөлгөөний эрх чөлөөт байдлыг ханган ажиллах талд анхаарлаа хандуулж ажиллаарай” гэж онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Зэвсэгт хүчний "Соёмбо" сонин, дэслэгч М.МӨНХЗОРИГ

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл