Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам

“Хүүхдийн эрхийн ногоон карт” аяны дүнг танилцууллаа

Нэмэгдсэн: 2015-10-27 08:46:28

“Хүүхдийн эрхийн ногоон карт” аяны дүнг танилцууллаа

  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас  Хүүхдийн эрхийн тухай,  Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг УИХ-д өргөн бариад байгаа билээ.  Эдгээр  хуулийн төсөлд олон нийтийн санал авах зорилгоор Хүүхдийн эрхийн ногоон карт аяныг 06 дугаар сарын 11-ээс 10 дугаар сарын 25-ны хооронд улс орон даяар өрнүүлсэн.

  Тэгвэл өнөөдөр энэхүү аяны нэгдсэн дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Хуралд ажлын хэсгийн ахлагч УИХ-ийн гишүүн С.Одонтуяа, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны ХАХБХЗГ-ын дарга Д.Амарсайхан, ХГБХХ-ийн дарга Х.Баавгай, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга Т.Түвшин, НҮБ-ийн Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.  

  Хүүхдийн эрхийн ногоон карт аянд 21 аймаг, 9 дүүргийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, төвүүд болон төрийн байгууллагууд, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын болон төрийн бус байгууллага, халамж үйлчилгээ, боловсрол, эрүүл мэнд, хууль хяналтын салбарын 2000 гаруй нийгмийн ажилтан оролцсон байна. Хуулийн төсөлд иргэд, олон нийтээс нийт 24.478 санал ирсэн байгааг хэвлэлийн бага хурлын үеэр танилцууллаа.  Үүнээс 35.3% буюу 8.635 санал Хүүхдийн эрхийн тухай хуулийн төсөлд, 64.7% буюу 15.843 санал Хүүхэд хамгааллын тухай хуулийн төсөлд  ирүүлсэн байна.  Олон нийтээс ирүүлсэн санал болон хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын дэвшүүлсэн саналыг энэ сарын 28-нд нэгтгэн хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл