Онцгой байдлын байгууллагын 2019 оны онцлох үйл явдлууд

Нэмэгдсэн: 2020-01-10 18:22:20

Онцгой байдлын байгууллагын 2019 оны онцлох үйл явдлууд

 

  1. 1929 хүний амь насыг авран хамгааллаа

Монгол Улсын хэмжээнд эхний 12 сарын 10-ны өдрийн байдлаар нийт 4797 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид  1929 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.   Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 982 -оор буюу 2 дахин, эд хөрөнгө 19.1 тэрбум төгрөг буюу 48 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Хавар, намрын хуурайшилтын улиралд ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, гарсан түймрийг шуурхай унтраах зорилгоор хүн хүч, техник хэрэгслийг газраар болон агаараар шуурхай тээвэрлэн хүргэж, мэргэжлийн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласнаар ой, хээрийн хохирол 15,3 тэрбум төгрөгөөр буурлаа.

Мөн сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй “Эко Алтан Заамар”, “Пентатерра” ХХК-ийн ил уурхайн томоохон ослуудад алба хаагчид олон хоногийн турш тасралтгүй ажиллаж, эрэн хайх, аврах ажиллагааг амжилттай зохион байгууллаа. 

Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Монгол улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээхээр далайн түвшнээс дээш 2780 метр өндөр ууланд, байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажиллаж байгааг 2019 оны онцлох үйл явдлаар нэрлэж байна.


2. Онцгой байдлын ерөнхий газар “Цэргийн гавьяаны улаан тугийн одон“-гоор шагнагдлаа

Орчин цагийн Онцгой байдлын байгууллагын үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, баярын ёслолын жагсаалыг анх удаа зохион байгууллаа. Энэхүү түүхэн өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 117 дугаар зарлигаар Онцгой байдлын ерөнхий газар Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан юм. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулан хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ирснийг Монгол Улсын төр засгаас ийнхүү өндрөөр үнэлсэн нь 2019 оны Онцлох үйл явдал боллоо.


3. Салбар нэгжийн бүтэц, орон тоог нэмэгдүүлэв

Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Бууцагаан суманд Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Ховд аймгийн Зэрэг суманд Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги,  Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Дэлүүн суманд Эрэн хайх, аврах бүлгийг тус тус байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн Галт суманд Гал унтраах, аврах анги, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Хэнтий аймгийн Баян-Адарга, Баянхонгор аймгийн Жаргалант сумдад Эрэн хайх, аврах салбар, Өвөрхангай аймгийн Хужирт суманд Эрэн хайх, аврах бүлгийг шинээр байгуулах, Увс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийг салбар болгон өргөтгөх, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь III зэрэглэлийн 19 дүгээр ангийг II зэрэглэлд шилжүүлэх Засгийн газрын тогтоолыг батлуулаад байна.  


4. Гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн чадавхыг нэмэгдүүллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын  Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, нийт 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий евро стандартын гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг  орон нутагт хүлээлгэн өглөө.

Мөн төслийн хүрээнд гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгэх хээрийн хөдөлгөөнт 2 дугаар шатлалын эмнэлгийг хүлээж авлаа.  

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж, нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий евро стандартын аврах, гал түймэр унтраах  тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэгдэх бөгөөд гэрээнд талууд гарын үсэг зурлаа.

Төсөл хэрэгжсэнээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудын автомашины хангалт 14.4% хувиар нэмэгдэх юм.


5. Аврагчдын эгнээнээс хоёр дахь гавьяат төрлөө

Онцгой байдлын байгууллага 2019 онд аврагчдын эгнээнээсээ Монгол Улсын гавьяат цолтон төрүүллээ.

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахмад Х.Мөнхбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Үйлчилгээний гавьяат ажилтан” цолоор шагнагдаж Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан долоо дахь гавьяат боллоо.

Үйлчилгээний гавьяат ажилтан, ахмад Х.Мөнхбат Онцгой байдлын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд гамшиг, ослын 200 орчим удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн 200 гаруй иргэний алтан амь, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 950 сая төгрөгийн өмч хөрөнгийг аюул, ослоос авран хамгаалсан юм.


  6. Гамшгийн эрсдэлийн удирдлагыг бэхжүүлэхэд дэвшил гарган ажиллалаа

  Монгол улсын гамшигтай тэмцэх чадавхийг нэмэгдүүлэх, улс орны тогтвортой хөгжлийг хангах, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгийн эрсдэлийн удирдлагын манлайллыг бэхжүүлэхэд Онцгой байдлын байгууллага 2019 онд дэвшил гарган ажиллалаа.

  Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг өргөжүүлж, Нийслэл Улаанбаатар хот, 9 дүүрэг, 21 аймагт Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийг байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.

  Мөн “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний Мэргэжлийн зөвлөл”-ийн анхдугаар хуралдааныг зохион байгуулж нийт 6 хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олголоо.

  Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг нийт 15 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргүүдэд, нийт 109 хороо, нийслэлийн Ерөнхий боловсролын 79, орон нутгийн 67 сургуульд хийлээ.


7. Дадлага сургуульд 120 мянган өрхийн 480 гаруй мянган иргэнийг хамрууллаа

Онцгой байдлын ерөнхий газраас 2019 онд Дорноговь аймагт “Говийн чоно-2019” гамшгийн хор уршгийг арилгах, олон улсын сургалт, дадлага сургууль, Нийслэл болон Говьсүмбэр аймагт Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, Дундговь аймагт гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллаа. 

Онцолвол, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолын дагуу Онцгой байдлын ерөнхий газраас нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэлийн хэмжээнд сүүлийн 30 жилийн хугацаанд анх удаагаа зохион байгуулсан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг 2019 оны онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Сургуулийн үеэр нүүн шилжих дадлага сургуулийг 111 цэгт зохион байгуулж, нийслэлийн 262 байгууллага, 3200 гаруй нийтийн орон сууцны 120 мянган өрхийн 480 гаруй мянган иргэнийг хамруулсан юм.


8. Алба хаагчдыг чадавхжуулах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд:

Алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сургаж дадлагажуулах хүрээнд 44 удаагийн сургалт дадлагаар 2443 алба хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн бол Дотоод хэргийн их сургуульд нийт 441 алба хаагч элсэн суралцаж байна.

2019 онд нийт 260 орчим алба хаагчийг гадаад улс орнуудад сургалтад хамруулсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 32.2 хувиар өссөн байна.

ОХУ-ын Онцгой байдлын яамны Гал эсэргүүцэх албаны академи, Иргэний хамгаалалтын академи, Санкт-Петрбургийн Улсын гал эсэргүүцэх академи, Бүгд Найрамдах Польш Улсын Цэргийн урлагийн академид нийт 19 алба хаагч академик түвшний сургалтад элсэн суралцаж байна. 

Түүнчлэн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэшүүлэх, мэдлэг, ур чадварыг үнэлэх, ажлын байрны тогтвортой байдлыг хангах зорилгоор 2019 онд Онцгой байдлын байгууллага анх удаа алба хаагчиддаа  мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл болон онцгой нөхцлийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар тооцож олгож эхэллээ.

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 770 гаруй алба хаагч мэргэшлийн зэрэгтэй болсон нь алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цалин, тэтгэмжийг нэмэгдүүлэх бодит томоохон ажлын нэг боллоо.


9. Бүтээн байгуулалт

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангах, сургалт, дадлага, тэмцээн уралдаан зохион байгуулах, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын хамт олны санаачлагаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төвийг түшиглэн “Сургалт, биеийн тамирын цогцолбор” байгуулан сагсан бөмбөг, хөл бөмбөгийн иж бүрэн талбай, мэргэжлийн тэмцээн, уралдаан зохион байгуулах сургалтын цамхагтайгаар ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сумын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн барилгыг  БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн 1,2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжаар  барьж ашиглалтад оруулан үйл ажиллагааг нь эхлүүллээ.  

Алба хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилтын хүрээнд Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар 24 айл, Дундговь аймгийн Онцгой байдлын газар 20 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа.


10. Олон улсын стандартыг нэвтрүүлсэн анхны эрдэм шинжилгээний хүрээлэн боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 олон улсын стандартыг нэвтрүүллээ. Олон улсын стандартыг нэвтрүүлснээр Гамшиг судлалын шинжлэх ухааныг хөгжүүлж, гамшгаас хамгаалах салбарт судалгаа, шинжилгээ, технологи, инновацийг нэвтрүүлэн Монгол Улсын тогтвортой хөгжилд нөлөөлж буй гамшгийн эрсдэлийг бууруулах эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлүүд олон улсын жишигт хүрсэн албан ёсны гэрчилгээтэй болж байна.

Ийнхүү Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэн нь олон улсын ISO стандартыг нэвтрүүлсэн Монгол Улсын анхдагч эрдэм шинжилгээний хүрээлэн болсныг Онцгой байдлын байгууллагын 2019 оны онцлох үйл явдлаар нэрлэж байна.

Уншсан: 465
Төрийн байгууллагуудын мэдээлэл