Тохиолдож болзошгүй байгалийн гаралтай аюулт үзэгдлийн таамаглалыг гаргаж, зөвлөмжийг хүргүүллээ

Нэмэгдсэн: 2020-04-09 12:05:12

Тохиолдож болзошгүй байгалийн гаралтай аюулт үзэгдлийн таамаглалыг гаргаж, зөвлөмжийг хүргүүллээ

 ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс дулааны улиралд тохиолдож болзошгүй байгалийн гаралтай аюулт үзэгдлийн таамаглалыг АНУ-ын “ACCU Weather” цаг уурын байгууллага, Колумбын их сургуулийн Цаг уур, нийгмийн судалгааны хүрээлэн, Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистик мэдээлэл, Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн мэдээлэлд тулгуурлан гаргалаа.

  Таамаглалын үр дүнд 2020 оны дулааны улиралд байгаль, цаг агаарын төлөв байдлаас шалтгаалан гарч болзошгүй аюулт үзэгдэл, ослын талаар мэдээлэл өгч, дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

   -Дулааны улиралд нийт нутгаар цаг агаар олон жилийн дунджаас 1.0-1.5 градус цельсээр дулаан, дунджаас үл ялиг бага хур тунадастай, шар шороон шуурганы давтамж ихтэй байхтай холбогдуулан ой, хээрийн түймрийн аюулын зэрэг өндөр байна. Ялангуяа 4-6 дугаар саруудад ой, хээрийн түймрийн аюулын зэрэг өндөр Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл зэрэг аймгуудад гал түймрийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж байгууллагад тогтмол хүргэж, гал унтраах хүч хэрэгслийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,

  -Дулааны улиралд олон жилийн дунджаас халуун, хур тунадас багатай байхтай холбогдон иргэд гол бараадан сэрүүцэх, голын эрэг дагуу амарч зугаалах нөхцөл үүсч болзошгүй тул хот, суурин орчмын томоохон гол, мөрнүүдийн эрэг дагуу сэрэмжлүүлэх самбар байршуулах, завьт эргүүл явуулах, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэх мэдээ хүргэх ажлыг эрчимжүүлэх,

  -Монгол оронд тохиолдох газар хөдлөлийн идэвхжил 2005 онд 200 орчим бүртгэгдсэн бол 2019 оны байдлаар 1010 удаа буюу 15 жилийн дотор 5 дахин их болон өсчээ. Иймд газар хөдлөлтийн болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, ард иргэд өөртөө болон бусдад үзүүлэх анхан шатны тусламжийн мэдлэг, дадлага эзэмшүүлэх сургалт явуулах, аж ахуйн нэгж, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох чиглэлээр үзлэг, хяналтыг зохион байгуулах,

  -Монгол орны аюулт үзэгдэл, ослын сүүлийн 15 жилийн статистик мэдээнд үндэслэн шугаман регрессийн тэгшитгэлээр тооцоход хэт халалтын нөлөө, температурын зөрүүгээс үүсэх хүчтэй салхи, аадар бороо, мөндөр, үер зэрэг аюулт үзэгдлийн тоо давтамж 2020, 2021 онд өндөр байх хандлага ажиглагдаж байгаа тул цаг агаарын мэдээг 7 хоног бүр иргэд, малчид, тариаланчдад шуурхай хүргэхийг зөвлөж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл