“Нээлттэй Засаглалын түншлэл” олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Нэмэгдсэн: 2018-03-22 05:27:06

“Нээлттэй Засаглалын түншлэл” олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзлаа

Нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр “Нээлттэй Засаглалын түншлэл” олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа.

Уулзалтад “Нээлтэй Засаглалын түншлэл” ОУТБ-ын Иргэн нийгмийн асуудалд хариуцсан захирал Пол Марсен, Ази-Номхон далайн орнуудын зохицуулагч Срей Барсу,  Олон улсын удирдах зөвлөлийн гишүүн Л.Төр-Од, ЗГХЭГ-ын шинжээч Д.Мөнх-Эрдэнэ, НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат, Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг нар байлцав.

Энэ үеэр Нийслэлийн засаг даргын Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр  “2016-2018 оны үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний төсөл нь Монгол Улс 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилтоо тодорхойлсон цаг хугацаанд боловсруулагдсанаараа онцлогтой. 2016-2018 оны Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний хүрээнд орон нутгийн салбар зөвлөл болох Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг нээлттэй ил тод байх, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, иргэдийн оролцоотой байлгах үүднээс нэлээд арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн зүгээс 2016 оныг “Мэдээллийн технологид тулгуурласан үйлчилгээний биржийн тогтолцоог бүрдүүлэх жил”,  2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”, 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж буй үйлчилгээг шинэ шатанд гаргаж, шийдвэр гаргах түвшинд иргэд, оршин суугчдын саналыг тусган, хотын хөгжил, бүтээн байгуулалт, тохижилтын ажилд иргэд өөрсдөө оролцох, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах зорилгоор 2018 оныг “Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил” болгон зарласан юм” хэмээн онцоллоо.

Түүнчлэн уг уулзалтын үеэр талууд төрөөс иргэдэд хүргэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр нийслэлийн зүгээс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл аван, санал солилцож, “Check my service” аппликейшн болон “smartcar.mn”, “tsetserleg.ulaanbaatar.mn” системүүдийн талаар танилцуулга хийгдлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл