Монгол үндэстэн ястны “Дээлтэй Монгол наадам” боллоо

Нэмэгдсэн: 2018-07-10 07:36:00

Монгол үндэстэн ястны “Дээлтэй Монгол наадам” боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран 12 дахь жилдээ “Дээлтэй Монгол” наадмыг жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд нүүдэлчдийн соёл, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэлийг сурталчлан жуулчдын сонирхлыг татсан томоохон арга хэмжээний нэг болоод байгаа юм. Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй зохион байгуулагддаг. Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмаар БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын зочид төлөөлөгчид оролцож байна. Мөн Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхоноор зочлон саатсан иргэд, жуулчид Монгол үндэсний зан заншил, уламжлал, өв соёлтой танилцлаа.

Арга хэмжээний үеэр Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ гайхуулах үндэсний хувцасны коллекциудыг танилцуулж байгаагаас гадна эртний Монголын язгуур соёлын нэг, эв нэгдлийн бэлгэдэл болох тойрон бүжгийг оролцогчдын дунд зохион байгуулав. Наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхийн нийтэд гайхуулан сурталчлах мөн жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөн төдийгүй Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх арга хэмжээ юм. Мөн оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тодруулав.

“Дээлтэй Монгол” наадмын баярын жагсаалд Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Багахангай, Налайх дүүргүүд, Уухай Монгол ТББ, Монголын Сурын холбоо, Гэрлэх ёслолын ордон, “Мөнхтэнгэр оньс” төв, “Амин тоонто” ТББ, Монголын Сурагчдын холбоо, Төмөр замын Дуу бүжгийн чуулга, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос болон Дээд Монголын төлөөлөл оролцов гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Төрийн байгууллагуудын мэдээлэл