Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг энэ сарын 25-наас хаана

Нэмэгдсэн: 2019-03-20 06:01:09

 Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг энэ сарын 25-наас хаана

Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөнийг хязгаарлаж, зохицуулалт хийх талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра, Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Бөхбат нар мэдээлэл хийлээ.

Замын цагдаагийн баруун урд уулзварын бүтээн байгуулалтын ажил эхлэхтэй холбоотой Олимпийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлах юм. Гүүрийн барилгын гүйцэтгэл график хугацаанд тусгасны дагуу 43 хувьтай байгаа. Барилгын ажил зогссон байсан үед хөдөлгөөнийг чиглэлийг нэмэгдүүлэх, иргэдийг тав тухтай зорчуулах үүднээс Олимпийн гудамжинд түр зам гарган хөдөлгөөн нэвтрүүлж байсан. Харин барилгын ажил эхлэхтэй холбогдуулан тус замын хөдөлгөөнийг энэ сарын 25-наас эхлэн хаах юм.

Хөдөлгөөнийг хаах маршрутад өнгөрсөн жилээс өөрчлөлт орохгүй бөгөөд Нарны зам, Дамдинсүрэнгийн гудамж, Авто замчдын гудамжны хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Харин авто замын хөдөлгөөнийг хааж байгаатай холбогдуулан замын ачаалал, түгжрэл ихэснэ. Хөдөлгөөн хэвийн үргэлжлэх замуудад зарим жолооч нар урсгал сөрөх, эгнээ нэмэх зэрэг байдал ажиглагддаг. Үүнээс үүдэн осол гарах, зохиомол түгжрэл үүсэг асуудал нэмэгддэг учраас жолооч нарыг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой, бусдыгаа хүндэтгэн оролцохыг уриалж байгаа юм.

Замын цагдаагийн гүүрэн гарц нь нийт 96 тулгуур баганатай, 477 метр урт гүүр. Энэ жил бороо, ус багатай бол 8 дугаар сарын 25 гэхэд гүүрийг нээнэ. Нийт барилгын ажил төлөвлөгөөт хугацаандаа буюу 9 дүгээр сарын 30 гэхэд дуусч гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хүлээн авна гэж тооцож байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл