“Сургуулийн автобус”-ны үйл ажиллагааг сайжруулах талаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч ажиллалаа

Нэмэгдсэн: 2019-11-22 16:57:03

“Сургуулийн автобус”-ны үйл ажиллагааг сайжруулах талаар холбогдох албаныханд үүрэг чиглэл өгч ажиллалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх, хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг өнгөрөгч баасан гараг буюу 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн. “Сургуулийн автобус” үйлчилгээнд эхний өдөр 500 гаруй хүүхэд, багачууд хамрагдаж байсан бол өнөөдөр 2900 болтлоо өссөн үзүүлэлттэй байна.

Сурагчдын гэр сургуулийн хооронд ирж очих аюулгүй байдлыг хангах, авто замын түгжрэлийг бууруулах,  эцэг эхчүүдэд ажлаа амжуулах, цаг хугацаа, зардал хэмнэх ач холбогдол бүхий “Сургуулийн автобус” нийт 33 чиглэлд өдрийн хоёр ээлжээр ажиллаж байгаа юм. Иймээс тус ажлыг амжилттай хэрэгжүүлэх, ялангуяа хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах ажлыг сайжруулах хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа 09.00 цагт “Сургуулийн автобус”-ны үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж буй нийслэлийн Боловсролын газар, Нийтийн тээврийн газар, Мэдээлэл технологийн газар болон нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд оролцсон шуурхай хурал зарлаж, холбогдох албаныханд үүрэг, чиглэлийг өгч ажиллалаа. Тодруулбал,  Хүүхдүүдийг автобуснаас хоцруулахгүй цагт нь ирүүлэхийн тулд эцэг, эх, асран хамгаалагчид руу нь чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, “Хүүхэд зохицуулагч”-ийг сургалтад хамруулж, тогтмол ажиллуулах, тодорхой шалгуур, шаардлага хангасан иргэдтэй гэрээ байгуулж ажиллах, сургуулийн автобусны цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулах, сургуулийн автобусны аюулгүй бүрэн бүтэн байдал, жолоочийн хариуцлагыг нэмэгдүүлж ажиллахыг үүрэг болгожээ. Мөн сургуулийн автобусанд сууж байгаа хүүхдүүдэд өгөх чипийг боловсронгуй болгон, эцэг эхчүүдийн гар утсанд мэдээлэл хүргэх апликейшныг яаралтай нэвтрүүлэх, ухаалаг чипийг нэгийг автобусанд, нэгийг сургуульд нь байршуулах, ингэснээр хүүхдүүд автобусанд суусан, сургуульд орсон мэдээлэл баталгааждаг байх ажлуудыг хийхийг даалгажээ.

Мөн тус хурлаар НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн М.Эрдэнэжаргал даргаар ахлуулан ажлын хэсэг 14 хоногт 1 удаа тогтмол хуралдаж байх, холбогдох ЕБС-иудаас мэдээлэл авч ажиллаж байхыг үүрэг болгов.

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл