"НОГООН КАРТ" аяны хэлэлцүүлэг боллоо

Нэмэгдсэн: 2015-10-28

  УИХ-аар Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд батлагдахаар хэлэлцэгдэж байгаа ба дээрх хуулиудын төсөлд ирсэн саналыг нэгтгэн хэлэлцлээ.
  Өнөөдрийн хэлэлцүүлэгт хүүхдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус, олон улсын байгууллага, иргэдийн төлөөлөл нийт 150 хүн оролцож Хүүхэд хамгааллын тухай болон Хүүхдийн эрхийн тухай хуулийн төслүүдэд “Хүүхдийн эрхийн ногоон карт” аяны хүрээнд дэвшүүлсэн зарчмын саналуудтай танилцлаа.

  Хуулийн төсөлд ирсэн зарчмын саналыг бүлэг тус бүрээр төрийн байгууллага болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын төлөөлөл танилцуулж илтгэл тавьснаас гадна нийгмийн ажилтнуудын нэгдсэн санал болон хуулийн төслүүдэд дэвшүүлсэн саналтай холбогдуулсан Олон улсын байгууллагын хамтарсан зөвлөмж, зөвлөх шинжээчдийн өгсөн санал, дүгнэлт зэргийг сонслоо. Түүнчлэн эдгээр танилцуулга, санал дүгнэлт, зөвлөмжтэй холбоотойгоор оролцогчид өөрсдийн байр суурийг илэрхийлж хэлэлцүүлэг өрнүүллээ.
  Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Хуулиудын төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын Сайд С.Эрдэнэ Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, зэрэг албаны хүмүүс оролцлоо.
  Аяныг зохион байгуулж дүгнэхэд идэвхитэй ажилласан төрийн шат шатны байгууллага, Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагуудын ажилтнууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэд, олон нийтэд талархалаа илэрхийлье.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл