Ногоон бүсэд аялж зугаалахгүй байхыг анхааруулж байна

Нэмэгдсэн: 2013-05-17

Ногоон бүсэд аялж зугаалахгүй байхыг анхааруулж байна

Энэ оны 05 дугаар сарын 13-ны байдлаар 16 аймгийн 64 суманд 85 удаагийн ой, хээрийн түймэр гарч 2110 га ой, 951591га хээр, нийт 954061 га ой, хээрийн бүс шатсан байна. Түймрийн улмаас 3 хүн түлэгдэж, 2 хүн нас барж, 5 гэр, 13 айлын өвөлжөө, хашаа шатаж, 3автомашин, 20 адуу түлэгдэж, /урьдчилсан байдлаар/ байгаль, экологид 19.5 сая төгрөгийн хохирол, түймрийг унтраахад 4.3 сая төгрөгийн зардал, нийт 23.8 сая төгрөгийн хохирол учирсан байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас /давхардсан тоогоор/ 880 албан хаагч, 119 автомашин, Хилийн цэргийн анги, заставаас 117, Цагдаагийн байгууллагаас 27 албан хаагч, аймаг, орон нутгаас 3857 иргэн, 436 автомашин 101 мотоцикль  дайчлагдан ажилласан байна.

Дээрхи түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26 хувиар буурсан үзүүлэлтэй байна. Байгаль экологид их хэмжээний хохирол учируулсан түймрээс дурьдвал: 

1.2013.04.23-ны өдрийн 18:30 минутанд Сүхбаатар аймгийн Дарьганга, Эрдэнцагаан сумын зааг "Гүн бүдүүн" гэдэг газарт гарсан хээрийн түймэрт 2 сумын 234250 га хээрийн бүс шатсан.

2.2013.05.01-ний өдөр 15:50 минутанд Дорнод аймгийн Дашбалбар сумын “Харзад” гэдэг газарт гарсан хээрийн түймэрт тус аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Гурван загал, Чойбалсан зэрэг 4 сумын нутаг дэвсгэр хамарсан хээрийн түймэрт нийт  410900  га хээрийн бүс шатсан.

3.  2013.05.06-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын Өлзийт тосгонд гарсан  хээрийн улмаас тус газарт хаваржиж байсан иргэн Р-ийн гэр, хашаа, саравч өртөж, 2 хүн түлэгдэж, 2 иргэн нас барсан харамсалтай хэрэг гарсан.

Он гарсаар нийслэл хотын ногоон бүсэд 4 удаагийн ой, хээрийн түймэр гараад байна. Түймэр гарсан шалтгаан нөхцөл, эзэн холбогдогч, шатсан га талбай, учирсан хохирлын хэмжээг тогтоохоор хууль хяналтын байгууллага ажиллаж байна.

Иймээс ой, хээрийн түймрийн гаралт, давтамж, ихсэж иргэдийн амь нас, эрүүл мэнд, мал, эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учруулж байгаатай холбогдуулан, иргэд, малчид цогтой үнс нурмаа ил задгай асгалгүй, тагтай битүү сав, ухсан нүхэнд хийх, малын бэлчээрт татсан тамхи, асаасан шүдэнзээ бүрэн унтраах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, ил галаар тоглуулахгүй байх, орон нутагт зорчиж байгаа иргэд техникийн аюулгүй байдлыг хангасан оч баригчтай тээврийн хэрэгсэлтэй явахыг анхааруулж байна.

Мөн оюутан, сурагчдын хонхны баяр, сургууль төгсөлт болж байгаа тул эцэг эх багш сурган хүмүүжүүлэгч нар хяналт тавьж нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалгаар явахыг 06 дугаар сарын сарын 10-ыг хүртэл хугацаанд хориглох, нийт ард иргэд маань иргэний журамт үүргээ биелүүлэн ой, хээрийн түймэр гарсан талаар цаг алдалгүй шуурхай мэдээлэх, байгаль эх дэлхийгээ эзний ёсоор хамгаалж, учирч болзошгүй гал түймрийн аюулаас өөрийгөө болон бусдын аюулгүй байдлыг хангаж, эрүүл аюулгүй орчинд амьдрахыг уриалж, анхааруулан  сэрэмжлүүлж байна.

                                                                           ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Төрийн байгууллагуудын мэдээлэл