Гал унтраах 18 дугаар анги галын шинэ дефотой боллоо

Нэмэгдсэн: 2013-05-17

Гал унтраах 18 дугаар анги галын шинэ дефотой боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 18 дугаар ангийн барилгын нээлт боллоо. 

Тус анги 1954 онд бөөний худалдаа, бараа баазын агуулахыг галын аюулаас хамгаалах үүрэгтэйгээр байгуулагдаж байсан энэ анги 40 гаруй бие бүрэлдэхүүнтэй, иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг болзошгүй гал түймрийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах,  хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг зохион байгуулах үүргээ амжилттай гүйцэтгэж ирсэн билээ.

Тухайлбал тус ангийн хамт олон жилд дунджаар 25-30 орчим хүний эрдэнэт амь нас, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 3-4 тэрбум гаруй төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. 

Өнөөдөр улс эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахаар Гал унтраах ангийнхаа шинэ барилгыг хүлээн авч байгаа нь Шинэчлэлийн Засгийн газрын Монгол хүний аюулгүй байдлыг баталгаажуулах бодлого зорилттой уялдан галын дефогийн шинэ барилгатай болж байгаа нь гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чанартай хүртээмжтэй хүргэх, Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын бэлтгэл, бэлэн байдлыг хангахад чухал үүрэгтэй гэдгийг тус ангийн нээлтэд оролцсон ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж онцлон хэлж байлаа.

Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах талаар төрөөс үзүүлж буй үйлчилгээг чанартай, хурдан шуурхай болгохын тулд энэ салбарт эрхзүйн шинэчлэлүүдийг хийх шаардлагатай гэж үзэн Аврах, гал унтраах ангиудын зэрэглэлийг нэмэгдүүлэх, шинээр байгуулах, эрэн хайх, аврах бүлгүүдийг өргөтгөж гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхийг сайжруулах зорилгоор нэлээдгүй ажлуудыг хийж эхлүүлээд байна. 

2013-2014 онд “Шуурхай бүлэг”-105 бүлгийг нэмж байгуулах, дүүргийн хэлтсүүдэд урьдчилан сэргийлэх, хяналтын тасаг байгуулах, гамшгаас сэргийлэх, хяналтын тасаг байгуулах, байцаагч нарын тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. 

Мөн албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Хууль сахиулах их сургуулийг түшиглэн Онцгой байдлын салбарын чиглэлийн 8 мэргэжлээр албан хаагч бэлтгэх, мэргэжил давтан мэргэшүүлэх, гадаадад сургах албан хаагчийн тоог нэмэгдүүлэхэд тодорхой ахиц гарсныг ОБЕГ-ын удирдлага шинэ ангийн нээлтийн үеэр онцлон тэмдэглэж байлаа. 

Мөн тус ангийн барилга нь 1-2 өрөөтэй 10 айлын орон сууцтайгаар баригдсан нь албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон ажил болж байна. 

Шинэ орон сууцанд орж байгаа зарим албан хаагчид энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоогоос байрны түлхүүрээ гардлаа. 

Гал унтраах 18 дугаар ангийн барилгыг улсын төсвийн нийт 1 тэрбум 150 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж гүйцэтгэсэн байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар энэ онд Ховд аймгийн Булган, Дорноговь аймгийн Замын Үүд, Айраг, Баянзүрх дүүргийн Гацуурт тосгонд гал унтраах ангиуд шинээр баригдаад байна. 

Мөн Багахангай дүүрэг, Архангай, Говь-Алтай, Говьсүмбэр, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн Бэрх суманд шинээр гал унтраах анги байгуулагдах юм.

psc_009_276409269.jpg

psc_011_876757408.jpg

psc_012_656122346.jpg

Төрийн байгууллагуудын мэдээлэл