ᠮᠤᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠵᠠᠰᠠᠭ ᠤᠨ ᠭᠠᠵᠠᠷ
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр "Дэлхийн стандартын өдөр" болон “Стандартчилал, хэмжил зүйн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр "Дэлхийн стандартын өдөр" болон “Стандартчилал, хэмжил зүйн ажилтны өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

                                                                                 МЭНДЧИЛГЭЭ

Олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал нь ихээхэн үүрэг үзүүлж байгааг онцлон үзэж, ач холбогдолыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам бүр идэвжүүлэх зорилгоор 1970 онд Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтер санаачлан 10 дугаар сарын 14-нд “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. 

Энэ өдөр нь дэлхийн өнцөг булан бүрт стандартчиллыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх хүмүүст хүндэтгэл үзүүлэх, үйл ажиллагааг нь сурталчлах, дэмжих өдөр болдог.

“Дэлхийн стандартын өдөр”-ийг олон улсын стандартчиллын байгууллага (ISO, IEC, ITU)-уудаас жил бүр онцгойлсон уриан дор тэмдэглэдэг бөгөөд 2016 оны “Стандарт итгэлийг төрүүлнэ” гэсэн уриатайгаар тэмдэглэж байна.

Стандарт, хэмжил зүйн салбарын хамт олон бид Монгол Улсын хөгжлийн стратеги, чиг хандлагад нийцүүлэн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүй, сорьцын хяналт, итгэмжлэл, баталгаажуулалтын бодлогоор дэмжлэг үзүүлэх болон олон улсын нийтлэг чиг хандлагтай уялдуулан хөгжүүлэхээр ажиллаж байна.

Хэрэглэгчийн өндөр сэтгэл ханамжийг үйлдвэрлэл, үйлчилгээний бүх хүрээнд бий болгох экспортын чиг баримжаатай, төр, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, сайжруулах зорилгоор Монгол Улсад анх удаа “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийг Засгийн газрын 2016 оны 344 дүгээр тогтоолоор батлууллаа.

Хөтөлбөрийн зорилго нь чанарын дэд бүтцийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгосны үндсэн дээр экспортын чиг баримжаатай, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар хүнсний аюулгүй байдлыг хангаж, хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчны болон хүнсний аюулгүй байдлыг хамгаалан иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэх бөгөөд хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд олон зорилтуудыг хэрэгжүүлэхээс тухайлбал, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үйл ажиллагааныхаа тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, хэрэглэгч, үйлдвэрлэгчдийн чанарын талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлсэн, экспортын тэргүүлэх салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг зорилтууд тусгагдаад байна.

Сахилга хариуцлагатай, манлайлан удирдах төрийн үйлчилгээг үзүүлэхийн төлөө байгууллагын удирдлагын тогтолцоог шинэчлэн сайжруулах зорилт тавин ажилласны үр дүнд Монгол улсын Төрийн захиргааны төв байгууллагаас анх удаа олон улсын үнэлгээнд тэнцэж ISO 9001 сертификат авснаар олон улсын менежментийн нийтлэг хэм хэмжээг амжилттай нэвтрүүлсэн үндэсний жишиг байгууллага болсон. 2016 онд Бүгд Найрамдах Франц Улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, баталгаажуулалтын байгууллага /AFNOR/ тус газарт олон улсын стандартыг нэвтрүүлсэн байдалд хөндлөнгийн үнэлгээ хийсэн. Энэхүү үнэлгээгээр Стандарт, хэмжил зүйн газар хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн удирдлагыг хэрэгжүүлж, чанарын бүтэц, зохион байгуулалтад орж амжилттай ажиллаж байна хэмээн дүгнэлээ.

Стандарт, хэмжил зүйн салбарын өөрчлөлт, шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Европын стандарт, нормыг нутагшуулах, улмаар бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд нэвтрүүлэх, чанарын дэд бүтцийн салбарт бүтцийн шинэчлэл хийхээр
“Монгол Услын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсын стандартчилал, тохирлын үнэлгээ, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулж байгаа эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төр, хувийн хэвшил, хэрэглэгчийн уялдаа холбоог сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, салбарын хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэхэд чиглэсэн нийт 40 гаруй арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан үндэсний бүтээгдэхүүний өрсөлдөх чадавхийг дээшлүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг хангах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх, бүхий л салбарт олон улсын стандартад нийцсэн тогтолцоог бий болгоход чиглэгдсэн хөгжлийн талаар зорилтуудыг хэрэгжүүлэхэд бид тодорхой хувь нэмрээ оруулах болно.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА
ГАЛБАДРАХЫН ГАНТӨМӨР

САНАЛ БОЛГОХ МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ