“Эрэл” төслийнхөн олз арвинтай байна

Нэмэгдсэн: 2013-05-30

ХХЕГ, МҮОНТ-ийн “ММ” агентлаг хамтран жилийн өмнөөс хэрэгжүүлж эхлээд буй “Эрэл” төсөл маш амжилттай хэрэгжиж байна. Өнөөдрөөс 70 гаруй жилийн тэртээ эх орныхоо газар нутгийн төлөө өөрийн амь биеэ үл хайрлан 500 гаруй дээрэмчний өмнөөс хүч сөрөн орсон найман хилчнээ алдаршуулах, гавъяа зүтгэлийг нь мөнхжүүлэх зорилготой тус бүлгийнхэн энэ сарын 18-ны өдөр нэгэн онцгой гэмээр гэрчийг олж уулзсан юм. Тэр эрхэм хүн нь тус тулалдаанд амь эрсэдсэн заставын дарга Хандын Жүрмэдийн охин Сайнзаяа байлаа. Мэдээж түүнийг олох уран бүтээлийн багийнханд амаргүй байжээ. Харин Хил хамгаалах байгууллагын амьд түүх, бүх цаг үеийн бодит гэрч гэж болох бэлтгэл хурандаа Г.Хүүжий гуай Говь-Алтай аймгийн Алтай сумын засаг даргаар ажиллаж байсан, ахмад хилчин С.Баярмагнайтай уран бүтээлчдийг холбож өгснөөр эрлийн сэжүүр гарчээ.  Өдгөө Сайнзаяа гуай 80 насыг зооглоод буй боловч ануухнаараа энх тунх амьдарч байна. Гурван хүүхдийн ээж мөн олон ач гучаа үзээд буй тэрбээр “Эрэл” төслийн багийнханд өөрийнхөө мэдэх чинээгээрээ аавынхаа тухай болон тухайн үеийн заставын амьдрал, цагийн байдлыг дэлгэрэнгүй ярьж өгсөн юм. “Эх орны манаа” сонины сурвалжлагч бид ч мөн адил тэр үеэр гэрт нь очиж ярилцлага, сурвалжлага бэлтгэснийг сонины №15 дугаараас уншигчид маань үзээрэй. Мөн төслийн багийнхан тус заставт алба хааж, эдгээр найман хилчинтэй хамт тулгаралтанд ороод дайснууд түүнийг үхсэн хэмээн санаж жадлаад орхиж явсан Байлдааны гавъяаны улаан тугийн одонт Халтархүү гуайн үр хүүхдийн сургийг гаргаад байгаа юм билээ. Энэ эрэл сургийн дагуу уран бүтээлчид түүнийг олж уулзахаар зургадугаар сарын эхээр Говь-Алтай аймгийг зорих юм байна. Ийнхүү “Эрэл” төслийн багийнхны Атас Ингэсийн хормойд үүрд нойрссон баатар хилчдийнхээ гавъяаг мөнхжүүлэх ажил нь тун амжилттай үргэлжилж байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл