НЗДТГ-аас БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ДЦ-ийн штабтай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд зохион байгуулсан “Монгол цэргийн жавхаа” уралдааны тэргүүн байрын эздийг Д.Сүхбаатарын талбайд тодрууллаа. Арга хэмжээнд УИХ, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Зэвсэгт хүчний 032 дугаар анги, нэгдүгээр байр 10 сая, 150 дугаар анги хоёрдугаар байр 8 сая, 084 дүгээр анги гуравдугаар байр 6 сая, 120 дугаар анги тусгай байр эзэлж 4 сая төгрөгөөр тус тус шагнагдсан юм. Мөн НЗДТГ-аас эхний байруудыг эзэлсэн ангийн захирагчдад тус бүр хоёр өрөө байрны түлхүүр гардуулж өглөө. “Монгол цэргийн жавхаа” уралдаанд нийт 7200 гаруй цэргийн алба хаагч оролцсон бөгөөд сүүлийн шатанд шалгарсан 9 анги, байгууллагын алба хаагчид төв талбайд жагсаалын үзүүлэх тоглолтыг цугларсан олонд толилуулсан юм. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Цэргийн алба хааж, эх орныхоо төлөө хүчин зүтгэнэ гэдэг эр хүн болж төрсний хамгийн том гавьяа. Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа байдаг нь тус тэмцээнээс харагдлаа. Анхлан зохиогдож буй хэдий ч өндөр түвшинд зохион байгуулагдан явагдаж буйд талархаж байна. Цаашдаа тус арга хэмжээний цар хүрээг ихэсгэхэд анхаарч ажиллана” хэмээн ярьсан юм. Мөн эхний гурван байрт орсон ангиудыг Үндэсний их баяр наадмын 9 хөлт цагаан тугийг залах ёслолын ажиллагаанд оролцуулахаар болсон байна.