Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулав

Нэмэгдсэн: 2018-11-02

Эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн тогтолцоо, татварын зохицуулалт, хөрөнгө оруулалтын удирдлагын мэдээллийн системийг хөгжүүлэх зорилго бүхий 85,6 сая ам.долларын санхүүжилттэй тус бүр хоёр зээл болон буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулав.  Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлж Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез нар өнөөдөр энэхүү гэрээнд гарын үсэг зурав. Гарын үсэг зурах ёслолд Эрчим хүчний яам, Татварын ерөнхий газрын төлөөлөгчид байлцав.

Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд нар болон салхины эрчим хүчийг ашиглах, цэнэгт хураагуурын дэвшилтэт технологи, эрчим хүчний удирдлагын систем бүхий нийт 41 мегаваттын хүчин чадалтай сэргээгдэх эрчим хүчний төвлөрсөн бус хангамжийн системийг Монгол Улсад хөгжүүлэх ажлыг хийнэ.

Ингэснээр хөрш орнуудаас өндөр үнэтэй цахилгаан авдаг баруун бүсийн  алслагдмал  аймгуудад амьдарч буй 260,000 орчим иргэн байгаль орчинд ээлтэй, найдвартай эрчим хүчээр хангагдана.  Төсөлд АХБ-ны 40 сая ам.долларын хөнгөлөлттөй зээлээс гадна  Уур амьсгалын стратегийн сангаас 14,6 сая ам.долларын буцалтгүй тусламж, Япон Улсын хамтарсан кредит олгох сангаас 6 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтийг тус тус  зарцуулна гэв. Харин Татварын удирдлага, төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг сайжруулах төслөөр удирдлагын  нэгдсэн системийг  нэвтрүүлэх, шаардлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмж, сүлжээг шинэчлэх ажлыг  25 сая ам. долларын  хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлнэ.

Эдгээр төслүүд нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсхүчлийн ялгаруулалтыг бууруулах болон төрийн санхүүгийн ашиглалт, удирдлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хүчин чармайлтад дэмжлэг үзүүлнэ.  Улмаар үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хангахад чиглэсэн АХБ-аас Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегийн ерөнхий агуулгатай эдгээр төслийн зорилго явц цав нийцэж байгаад сэтгэл хангалуун байна гэдгээ АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез  гарын үсэг зурах ёслолын ажиллагааны үеэр цохон тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Төрийн байгууллагуудын мэдээлэл