600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн ажлыг эрчимжүүлнэ

Нэмэгдсэн: 2018-12-21

Засгийн газрын ээлжит бус өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар мэдээлэл сонсож, шийдвэр гаргалаа. 

Тухайлбал “Тавантолгой түлш” компанийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам байхаар шийдвэрлэв.

  Мөн жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажлыг хариуцан, үйлдвэрлэл болон хэрэглэгчдэд нийлүүлэхэд хяналт тавьж, явц, үр дүнг танилцуулж байхыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгов.

  Мөн шахмал түлшний нөөц бүрдүүлэх, сайжруулсан түлшний чанарыг олон улсын стандартад хүргэх зорилгоор нүүрс гүн боловсруулах дэвшилтэт техник, технологи, тоног төхөөрөмж суурилуулахыг даалгав.

Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшний жилийн хэрэглээ 600 мянган тонн бөгөөд үйлдвэр байгуулахад шардагдах хөрөнгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргах юм. Хөрөнгийг хууль хяналтын зэрэг байгууллагын хатуу хяналтын дор, олон нийтэд ил тод байдлаар захиран зарцуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд, дарга нарт анхааруулав.

“Тавантолгой түлш” компани ирэх оны 09 дүгээр сарын 15 хүртэл 600 мянган тонн түлш нөөцлөх бөгөөд одоогоор нийт 8088 тонныг нөөцлөөд байна.

СХД-ийн 28 дугаар хорооны 1876 өрхийн дунд  туршилтын журмаар шахмал түлш борлуулж, иргэдийн дунд хэд хэдэн удаа судалгаа хийсэн байна. Ингэхэд иргэд шахмал түлшинд ам сайтай байгаа бөгөөд энэ хэрээр хүлээлт бий болжээ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2018 онд хийж хэрэгжүүлсэн зарим ажлын талаар:

Танилцуулгаас үзвэл Гааль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсний дагуу 2300 гаруй агаар цэвэршүүлэгч, эрчим хүчний хэмнэлттэй халаагчийг хилээр оруулж ирсэн байна.

  “Улаанбаатар-Цэвэр агаар” төслийн шугамаар дүүргийн 142 эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлэг, амаржих газрын хүүхдийн кабинетад 862 агаар цэвэршүүлэгч, улсын төсвөөс 5200 гаруй агаар цэвэршүүлэгч суурилуулсан. Ингэснээр дотор орчин дахь PM2.5-ын агууламж 13-29 хүртэл хувиар буурчээ.

  Өнгөрсөн онд 45 уурын зуух, энэ онд 68 уурын зуухыг буулгасан байна. 10 зуухыг төвийн шугаманд холбосноор 70 мянган тонн нүүрс, PM2.5-ын ялгарлыг 510 тонн, хүхрийн ялгарлыг 560 тонноор бууруулжээ.

  Гэр хорооллын 118 мянган өрхийн шөнийн тарифын хөнгөлөлтөд 8.3 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд нийт өрхийн 15 хувь нь цахилгаан халаагуур хэрэглэсэн тоо гарсан байна. Энэ онд 421 мянган өрхийг 4 кВт-ын цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлжээ.

СХД-ийн найман хорооны 26 мянга гаруй өрхөд 80 мянган тонн сайжруулсан түлш нийлүүлэх зургаан аж ахуйн нэгж ажлаа эхлээд байна. Ингэснээр түүхий нүүрсний хэрэглээг 150 мянган тонноор, PM2.5-ыг 150 тонноор бууруулна.

Уушигны хатгалгааны эсрэг вакцинд 65 орчим мянган хүүхдийг, томуугийн эсрэг вакцинд эрсдэлт бүлгийн 117 мянга гаруй хүнийг хамруулж, сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулсан.

Агаарын бохирдол ихтэй долоон аймагт нэг тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлснээр эхнээсээ “Агаарын бохирдлыг бууруулах дэд хөтөлбөр”-тэй болж, агаарын чанарыг сайжруулах бүсээ тогтоон ажиллаж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Төрийн байгууллагуудын мэдээлэл