ГОВЬСҮМБЭР АЙМАГТ АЖИЛЛАА

Нэмэгдсэн: 2019-04-24

 Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга болон холбогдох албаны хүмүүс Говьсүмбэр аймагт 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр ажиллаа.

Тус аймагт ажиллах хугацаанд аймгийн Хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, төсвийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийн, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар мэдээлэл өглөө.

Уулзалтын үеэр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва “ШӨХТГ-аас 2019 оныг “Хариуцлагатай хэрэглээ- хэрэглэгчийн эрхийн жил” болгон зарлаж  хэрэглэгчийн асуудлаар хэрэглэгч, бизнес эрхлэгч, үйлчилгээний байгууллагууд болон төрийн байгууллагууд гэсэн гурвалсан хэлхээ бүхий “хөгжлийн гурвалжин” буюу хамтын ажиллагааны гурвалжинг бий болгох зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа талаар танилцуулж, сонирхсон асуултанд хариулт өгч, саналыг сонссон юм.

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөлүүдийн үйл ажиллагаа, тэдний хэрэгжүүлж буй сайн туршлагаас танилцуулж мэдээлэл хийн, саналаа солилцов.

Тус аймагт ажиллах үеэр ШӨХТГ-ын дарга болон ХЭХГ-ын дарга нар аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Монгол Улсын Шадар сайд, БСШУСЯ-ны сайдын хамтарсан тушаалыг хэрхэн хэрэгжүүлж “Хүүхэд – Хэрэглэгч” өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын тайлан, мэдээлэлтэй танилцаж зөвлөмж, чиглэл өгсөн байна.

Мөн зарим худалдаа, үйлчилгээний төвүүдийн худалдан борлуулж буй бараа, бүтээгдэхүүний хаяг, шошгожилтод хяналт шалгалт хийж гарсан зөрчлийг арилгах талаар сануулга, зөвлөмжийг өгч ажиллаа.

УТАС: 1800-1284

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Төрийн байгууллагуудын мэдээлэл