“21 дүгээр зууны монгол гэр бүл” 20 дахь удаагийн эрдэм шинжилгээний бага хурал боллоо

Нэмэгдсэн: 2019-05-15

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, халуучуудын хөгжлийн газар, Олон улсын “Улаанбаатар” их сургуулийн Гэр бүл судлалын тэнхим хамтран Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан “21 дүгээр зууны монгол гэр бүл” эрдэм шинжилгээний хурлыг 20 дахь удаагаа зохион байгууллаа.

НҮБ-аас жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг Дэлхийн гэр бүлийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү өдрийн хүрээнд уг хурлыг зохион байгуулж байгаа бөгөөд их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцож туршлага, судалгаа, мэдээллээ солилцсон юм.

Өнөөгийн монгол гэр бүлүүдийн нөхцөл байдал, гэр бүлийн хүчирхийлэл болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал, аж байдлын талаар судалгаа, шинжилгээ хийх, баримт нотолгоо бий болгох шаардлага тулгараад буй. Нийгмийн тогтвортой байдлыг хангагч суурь институт болох гэр бүл түүний харилцаа, хэв маягт олон тулгамдсан асуудал бий болсон бөгөөд үүнд шинжлэх ухаанчаар хандаж, судалгаанд суурилсан хариулт өгөхийг нийгэм шаардаж байна. Тиймдээ ч гэр бүлийн асуудлыг шинжлэх ухаан судалгааны эргэлтэд оруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэд, судлаачдын судалгааны үр дүнг нэгтгэн ашиглах, туршлага мэдээлэл солилцох зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгууллаа

Эрдэм шинжилгээний хуралд 16 илтгэл ирүүлснээс өнөөдөр найман сэдэвт илтгэлийг хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлсэн сэдвүүд нь өнөөгийн Монгол гэр бүлийн өмнө тулгамдаж буй чухал асуудлуудыг хөндөн шинжлэх ухаанчаар судалсан юм.

Үүнд

  • Хүүхэд залуучуудын төлөвшилд сонгодог урлаг, уран зохиолын үзүүлэх нөлөө
  • 3 хүртэлх насны хүүхдийн талаарх эцэг, эхчүүдийн мэдлэг хандлага хэрэглээг судалсан нь
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгаврын ачааллын судалгаа
  • Залуу гэр бүлд чиглэсэн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарах зарим асуудал
  • Оюутан, залуучуудын сэтгэл зүйн өнөөгийн байдлыг судалсан нь
  • Гэр бүл салалтаас үүссэн цочролын дараах стрессийн эмгэгийг судалсан байдал
  • Ахмад настныг асран халамжилж буй гэр бүлийг дэмжих үйлчилгээ
  • Монгол эмэгтэйчүүдийн согтууруулах ундааны хэрэглээ гэр бүлийн харилцаанд үзүүлэх нөлөөлөл сэдвүүдийг хэлэлцүүлсэн.

Уг хурлаар хэлэлцүүлсэн судалгаануудыг эрдэм шинжилгээний эмхтгэл болгож,  нийтийн хүртээл болгох бөгөөд асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэх арга замыг тодорхойлж буйгаараа онцлог юм гэж нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл