Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагатай хамтарсан төсөл хэрэгжүүлэхийг дэмжив

Нэмэгдсэн: 2019-06-27

 Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Евразийн хэлтсийн дарга Виллиам Томсон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 Монгол Улс тус байгууллагатай өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх, тээврийн холболт, байгаль орчин, татвар зэрэг олон чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгааг Шадар сайд тэмдэглэв.

Тухайлбал “Төв Азийн хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь-Монгол Улс” төсөл эдийн засгийг төрөлжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байгаагаа илэрхийлэв.

Монгол Улстай жижиг, дунд үйлдвэрлэл, татвар, дэд бүтцийн салбарт хамтран ажиллаж байгаадаа баяртай байна гэдгээ Виллиам Томсон хэлэв.

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, гишүүн орнууд нь хэдийгээр том эдийн засагтай улстай харилцдаг ч эдийн засаг нь өсч байгаа, улс төр, эдийн засгийн нээлттэй байдлыг эрхэмлэдэг Монгол Улстай хамтран ажиллах сонирхол их байгааг тэмдэглэв.

Дээрх байгууллага жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын санхүүжилтын хүртээмжийн талаар 2016 онд судалгаа хийсэн байна. Үүнээс хойш ямар өөрчлөлт гарсныг ирэх жил Гүрж Улсад болох “Евразийн 7 хоног” сэдэвт сайд нарын түвшний хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд энэ хуралд Монгол Улсын Шадар сайдыг оролцохыг урив.

Уулзалтаар “Тогтвортой дэд бүтэц ба уур амьсгалын өөрчлөлт”,  “Бизнесийн салбарын эрх зүйн орчныг сайжруулах нь” төслийг хамтран хэрэгжүүлэх талаар санал солилцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Төрийн байгууллагуудын мэдээлэл