“ЗҮҮН АЗИЙН 15 ДАХЬ УДААГИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ” БОЛЛОО.

Нэмэгдсэн: 2019-07-18

“ЗҮҮН АЗИЙН 15 ДАХЬ УДААГИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГЫН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ” БОЛЛОО.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь “Монгол Улсын зах зээлд чөлөөт өрсөлдөөний таатай орчин бүрдүүлж, шударга нээлттэй зах зээлийг бий болгох, улмаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, эцсийн дүндээ нийгмийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд оршино” гэсэн эрхэм зорилготойгоор 2004 оноос хууль, тогтоомжоор хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн Олон улсын ижил төстэй байгууллагуудтай найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэх, улс орнуудын сайн туршлагаас суралцаж, өөрийн орны онцлогт нийцсэн зах зээлийн шударга өрсөлдөөнийг дэмжсэн төрийн бодлогыг боловсруулах зэргээр дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн хөгжиж байна.
Иймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хувьд 2017 оноос эхлэн Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулах хүсэлтийг тавьсны үр дүнд 2019 онд 15 дахь удаагийн уулзалтыг Монгол Улс зохион байгуулах эрхийг авсан.
Азийн хөгжлийн банкны институт, Японы Шударга худалдааны хорооны зохион байгуулалтаар 2005 оноос эхлэн Зүүн Азийн Өрсөлдөөний байгууллагуудын удирдах ажилтнуудын сайн туршлага хуваалцах, тулгамдаж буй асуудлаараа харилцан санал солилцох зэрэг олон талын ач холбогдол бүхий Дээд хэмжээний уулзалт хийгдэж ирсэн. Тус дээд хэмжээний уулзалтыг энэ удаа Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Азийн хөгжлийн банкны институт, Японы Шударга худалдааны хороотой хамтран Улаанбаатар хотноо 2019 оны 7 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Дээд хэмжээний уулзалтын эхний өдөр буюу 7 сарын 09-нд “ЗҮҮН АЗИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДЛАГУУДЫН УУЛЗАЛТ”-д 17 өрсөлдөөний байгууллагын 50 гаруй зочид төлөөлөгчид оролцож дараах асуудлаар санал солилцлоо. Үүнд:
 Өрсөлдөөний тухай хууль болон бодлогын сүүлийн үеийн хөгжил ба хандлага сэдвээр 8 орны,
 Хил дамнасан үйл ажиллагаанд хамтарч ажиллахад тулгарч буй бодит жишээнүүд сэдвээр 5 орны,
 Хөгжиж буй орны эдийн засагт өрсөлдөөний хууль, бодлогын үүрэг, үр нөлөө, ач холбогдол сэдвээр 3 орны,
 Техникийн туслалцаа болон олон улсын бусад үйл ажиллагааны туршлага, үнэлгээ сэдвээр 5 орны илтгэгч болох Өрсөлдөөний байгууллагуудын дарга, удирдлагууд тус тус илтгэл мэдээллээ танилцууллаа.

Энэхүү арга хэмжээний 2 дахь өдөр “12 ДАХЬ УДААГИЙН ЗҮҮН АЗИЙН ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН БОДЛОГО ХУРАЛ” сэдэвт зохион байгуулагдлаа. Тус хуралд Монгол Улсын Шадар сайд, Ерөнхийлөгчийн тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар, Яамд, агентлагийн удирдлагууд, эрдэмтэн судлаач 120 гаруй төлөөлөгч оролцлоо.
 Өрсөлдөөний бодлого ба бусад салбарын бодлогын уялдаа холбоо сэдвээр Тайвань, Филиппин, болон Монгол улс
 Өрсөлдөөний бодлогоор дамжуулан томоохон аж ахуйн эрхлэгчдийн шударга бус үйлдлээс жижиг зах зээлийг хамгаалах туршлага сэдвээр Австрали, Япон, Индонез, Монгол улсын Өрсөлдөөний байгууллагуудын дарга, удирдлагууд, /ADBI/ Азийн хөгжлийн банкны удирдлагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид илтгэл мэдээллээ тавьж санал солилцлоо.

Дээд хэмжээний уулзалтын үеэр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын зүгээс Япон, БНСУ, Сингапур, Тайланд, Тайваний Өрсөлдөөний байгууллагын удирдлага, төлөөлөгчдийг хүлээн авч албан уулзалтыг хийлээ.
“ЕАТОР-Зүүн Азийн өрсөлдөөний байгууллагуудын дээд хэмжээний уулзалт”-аар өрсөлдөөнийг зохицуулах чиг үүрэг бүхий төрийн байгууллагуудын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хил дамнасан эсвэл олон улсын хэмжээн дэх Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах талаар харилцан ойлголцлоо улам бэхжүүлэн өрсөлдөөний тухай хууль, ирээдүйн стратегийг хэрэгжүүлэхэд тулгарч буй сорилтуудын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, гарц шийдлийг тодорхойлох чухал ач холбогдолтой уулзалт болж өндөрлөлөө.

ШУДАРГА ӨРСӨЛДӨӨН, ХЭРЭГЛЭГЧИЙН ТӨЛӨӨ ГАЗАР

Төрийн байгууллагуудын мэдээлэл