БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИТОЙ БОЛЛОО

Нэмэгдсэн: 2019-10-14

Дундговь аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар Барилгын материалын лабораторитой болж өнөөдөр нээлтээ хийлээ.

Өнгөрсөн оны Орон нутгийн хөгжлийн сангийн 54 сая төгрөгийн хөрөнгөөр байгуулсан бөгөөд нээлтийн ажиллагаанд Дундговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, ахмад инженер Б.Базардар, А.Бямбаа нар болон бусад албаны хүмүүс оролцжээ.

Нээлтийн үеэр Засаг дарга О.Бат-Эрдэнэ: “Сүүлийн 5 жилд улс, орон нутгийн төсөв, бусад төсөл хөтөлбөр, хувийн хэвшлийн хөрөнгөөр олон арван барилга байгууламжууд баригдлаа. Өнгөрсөн онд улсын төсвийн 7,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг барилга, байгууламжийн бүтээн байгуулалтын салбарт зарцуулсан бол 2019 онд улсын төсвөөс 23,4 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэж энд онд ашиглалтад орохоор Дэрэн, Дэлгэрхангай сумын 320 суудалтай сургуулийн барилга, Эрдэнэдалай сумын эмнэлгийн барилга, Сайнцагаан сумын 1 цэцэрлэгийн барилга, Цагдаагийн хэлтсийн барилга, Өлзийт сумын соёлын төвийн барилга хүлээгдэж байна. Мөн ирэх онд ч гадаадын зээл тусламж болон улсын төсвийн хөрөнгөөр баригдах олон ажил хүлээгдэж байгаа билээ. Энэ их бүтээн байгуулалтын чанарыг барилгын материалын лабораторигүйгээр төсөөлөхийг аргагүй юм. Иймд орон нутгаас барилгын материалын лабораторийг байгуулахад ихээхэн ажилласан. Цаашид бетон үл эвдэх сорилын болон арматурын байрлал диаметр тодорхойлох багаж барилгын талбайд судалгаа туршилт хийх боломжийг бүрдүүлэх талаар анхаарч ажиллана” гэв.

Тус лаборатори нь 47 төрлийн тоног төхөөрөмжтэй бөгөөд 30 гаруй төрлийн шинжилгээг хийх юм. Барилгын материалын лаборатори ашиглалтад орсноор орон нутгийн иргэдийн ажиллах, амьдрах нөхцлийг бүрдүүлж, чанар аюулгүй байдал хангасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах боломжийг бүрдүүлж байна. Мөн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын дадлага хийх орчин бүрдсэн юм.

Төрийн байгууллагуудын мэдээлэл