“Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн байранд шилжүүлэн суралцуулна

Нэмэгдсэн: 2019-10-18

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын 3 ээлжээр хичээллэж буй сургуулиудыг 2 ээлжинд бүрэн шилжүүлнэ гэж заасан байдаг. Зорилтын хүрээнд  12 сургуулийн барилгыг шинээр ашиглалтад оруулж, гурван ээлжээр хичээллэж байсан сургуулиудын дийлэнх олонхыг 2 ээлжинд оруулаад байна.

Өдгөө 3 ээлжээр хичээллэж буй хоёр сургууль үлдсэний нэг нь Баянзүрх дүүргийн 133 дугаар сургууль юм. Тус сургуулийн 1599 хүүхэд “Монгол тэмүүлэл” сургуулийн хичээлийн байрны нэг, хоёрдугаар давхарт 3 ээлжээр хичээллэдэг байсан бөгөөд өнөөдөр хотын Захирагч С.Амарсайхан эл асуудлыг нэн даруй бүрэн эцэслэж шийдэх үүргийг нийслэлийн Боловсролын газрын удирдлагуудад үүрэг болголоо.

Тодруулбал, 640 хүүхэдтэй “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн I байранд шилжүүлэн суралцуулахаар болсон бөгөөд нэг, хоёрдугаар давхрыг засварлахад шаардлагатай хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдсэн юм. 

Хотын Захирагч “Засварт шаардлагатай төсвийг нь шийдээд өглөө. Одоо та нар энэ засварын ажлыг хурдан дуусгаж, арваннэгдүгээр сарын эхээр “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг энд шилжүүлэн сургах ёстой шүү” хэмээн хугацаатай үүрэг даалгавар өглөө.

БСШУС-ын сайдаас “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг одоо сургалтын зориулалтаар ашиглагдахгүй байгаа Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн хичээлийн нэгдүгээр байранд шилжүүлэн суралцуулахаар шийдвэрлэсэн. Гэвч тус сургууль яг одоогийн байдлаар “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчдыг хүлээн авах боломжгүй байгаа бөгөөд тус сургуулийн байранд хэрэгцээний халуун усны ялтсан бойлерыг солих, дотор сантехникийг засварлах шаардлагатай гэж мэдэгдээд байсан юм.

Ийнхүү дээрхи засварын ажлуудын хөрөнгө санхүү шийдэгдсэнээр “Монгол тэмүүлэл” сургуулийн сурагчид шилжин ирж, 133 дугаар сургууль хоёр ээлжээр хичээллэн үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломж бүрдлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл