Хяналт шалгалтын талаар мэдээлэл хийв

Нэмэгдсэн: 2019-11-22


Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд үйлдвэрийн болон уламжлалт аргаар мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийгдсэн хяналт шалгалт, Олон улсын сургалттай ерөнхий боловсролын сургуулиудад хийгдсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

МХЕГ-ын ХААХХ-ийн дарга Д.Батжаргал: Давхардсан тоогоор нийт  499 зөрчил илэрсний 60 гаруй хувийг нь арилгуулав

МХЕГ-ын даргын баталсан 01/102 тоот удирдамжийн хүрээнд улсын хэмжээнд үйлдвэрийн болон уламжлалт аргаар мал төхөөрөх 96 үйлдвэр цех, мах махан бүтээгдэхүүний 144 аж ахуйн нэгж буюу нийт 240 объектыг хамруулан хяналт шалгалт хийв.

Мал төхөөрөх үйлдвэр болон мах махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр:

18 аймгийн 23 сум, нийслэлийн 4 дүүрэгт  үйлдвэрийн аргаар мал төхөөрөх үйл ажиллагаа явуулж байгаа 67 үйлдвэрийн хүчин чадлыг авч үзвэл жилд 9.712.560 бог, 1.900.800 бод, нийт 11.613.360 мал төхөөрөх боломжтой байна.

Мал төхөөрөх үйлдвэрүүдийн барилга байгууламжийн 40-50% нь 20-30 жилийн өмнө мал төхөөрөх үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж байсан байгууламжийг засварлаж, тоног төхөөрөмж суурилуулан ажиллаж байгаа бол сүүлийн жилүүдэд байгуулагдсан үйлдвэрүүдийн ихэнх нь сэндвичин барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байна. Шалгалтаар давхардсан тоогоор нийт 499 зөрчил илрүүлэн, 306 буюу 61.3%-ийг арилгуулах арга хэмжээ авав. Илэрсэн зөрчлийн дийлэнх буюу 67.6%-89.0% хувийг  бэлтгэн нийлүүлэх гэрээгүй, машин халдваргүйтгэх ваннгүй, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгүй, лабораторигүй, мал эмнэлгийн бүртгэл хөтлөлт хангалтгүй, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, дотоод хяналтгүй зэрэг зөрчлүүд эзэлж байна. Аж ахуйн нэгжүүдийн 59% нь үйлдвэр цехдээ ариутгал, халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэггүй, зориулалтын  тээврийн хэрэгсэлтэй ч хөргөлтийн бүртгэл журнал хөтөлж хэвшээгүй, 52% нь тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийдэггүй байна. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл  эрхлэгч  73 аж ахуй нэгж  буюу  48% үйлдвэрийн барилга байгууламжийг мэргэжлийн байгууллагын зураг төслийн дагуу бариагүй, өргөтгөж шинэчлээгүй,  аймаг орон нутгийн жижиг дунд үйлдвэрүүд өөрсдөө аж ахуйн аргаар барьж байгуулсан нь технологийн үйл ажиллагаа дамжин бохирдох нөхцөлийг бүрдүүлжээ.

Шалгагдсан үйлдвэр, цехүүдээс 13 аж ахуй нэгж, тухайлбал БГД-ийн “Номт монгол”, ЧД-ийн “Цэнгэг айс”, Баян-Өлгий аймгийн Айбарлы арыстан, Достых, Дорнод аймгийн  “Энх” хиамын, Говь-Алтайн “Баярт-Олон” зэрэг 11.6%  нь мах, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнийг тус тусдаа хадгалах агуулахгүй, технологийн урсгал зөрчигдсөн, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, БГД-ийн “Жэй Экс Си Эс”, “Хэлти фүүдс”, Булган аймгийн “Баяндөш хайрхан” зэрэг 16 аж ахуй нэгж буюу 10.5% нь  махны үйлдвэрлэлд  хүнсний зориулалтын бус зэврэлттэй, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл хэрэглэж байв.

Шалгагдсан  мах,  махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн  (бууз, банш, хиам, ангилсан мах г.м) 65 буюу 43.0% нь үйлдвэрээс гарах хаягдал түүхий эд, яс, дайврыг дахин боловсруулдаггүй, хаана нийлүүлдэг нь тодорхойгүй, бүртгэл тэмдэглэлгүй, гэрээгүй  зэрэг зөрчил илэрсэн.

Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр цехүүдийн 36 буюу 23.8% нь бүтээгдэхүүний  шошгонд цувралын дугаар, гаж нөлөө, Е тэмдэглэгээ, хориглох заалт зэрэг хаяг шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй нь Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 стандарт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4, 12.5 дахь заалтыг зөрчсөн байна.

Экспортлох эрх бүхий мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр

Монгол улсад БНХАУ болон ОХУ-д мал төхөөрөн гаргах, мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 49 үйлдвэр байгаагаас БНХАУ-руу мал төхөөрөн гаргах эрх бүхий 11, адуу, үхэр хонь ямааны мах экспортлох эрхтэй 17, дулааны аргаар боловсруулсан  мах, махан бүтээгдэхүүн экспортлох 19 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Хоёр үйлдвэр экспорт хийхгүй байна.

Мал төхөөрөх 30 үйлдвэрийн байршил, хоногт төхөөрөх малын тоо, бэлтгэх мах, дайвар бүтээгдэхүүн, хөргөлтийн хүчин чадлыг шалгалтын дүнгээр тогтоолоо.

Улсын хэмжээнд 11 аймгийн 14 сум, нийслэлийн 4 дүүрэгт мал төхөөрөх, мах экспортлох 30 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж жилд 4128000 бог, 902880 бод, нийт 5030800 мал төхөөрөх хүчин чадалтай.

Шалгалтаар давхардсан тоогоор нийт 499 зөрчил илрүүлэн 306 буюу 61.3%-ийг мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг түр зогсох, хугацаатай албан шаардлага хүргүүлэх, гүйцэтгэлийн шалгалт хийх, торгууль хүлээлгэх зэрэг арга хэмжээ авч ажиллав. Эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар 244 аж ахуй нэгжийн 290 удирдах ажилтан, 849 технологийн  ажилчинд мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажилласан байна. 74 аж ахуйн нэгж, иргэнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 503 заалт бүхий хамтарсан албан шаардлага өгсөн албан шаардлагын биелэлт 47.9 хувьтай байна.

Мал төхөөрөх үйлдвэрүүд улирлын чанартай ажилладгаас зөвхөн экспортын зориулалтаар гаргах махыг мал төхөөрөх үйлдвэрт бэлтгэдэг, хүн амын дотоодын  хэрэгцээнд нийлүүлэгдэж байгаа мах, түүхий эд, бүтээгдэхүүн нь дулааны улиралд  нийслэл, аймгуудын дэргэдэх уламжлалт аргаар мал төхөөрөх цехүүдэд, хүйтний улиралд хээрийн нядалгаа буюу малчны хотонд эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй орчинд төхөөрч, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэн нийлүүлэгдэж байгаа нь хүн амын хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэл үүссэн байна.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас олгож байгаа махны квотын хэмжээг  махны үйлдвэргүй аж ахуй нэгжид өгөх эсвэл мах экспортлох эрх бүхий аж ахуйн нэгжийн үйлдвэрийн хүчин чадалд тохируулан олгоогүйгээс үүдэж экспортлох эрхгүй аж ахуйн нэгжүүдээр махаа бэлтгүүлэх, урьдчилан махаа чанаж их хэмжээгээр  боловсруулж, нөөцлөх зэрэг сөрөг үр дагаврууд нь улс хооронд мах экспортлохоор байгуулсан гэрээ, хэлэлцээр, протоколд тусгагдсан заалтууд зөрчигдөх, махны экспорт зогсох улмаар Нийслэлийн хүн амын хүнсэнд нийлүүлэгдэх махны хэмжээ буурч, махны хомстол, үнийн хөөрөгдөл үүсэх эрсдэлд хүрч  байна.

МХЕГ-ын БСХХ-ийн дарга М.Нямсүрэн: Олон улсын хөтөлбөртэй гэсэн боловч албан ёсны зөвшөөрөлгүй, ердийн болон гүнзгийрүүлсэн сургалттай байна

Шалгалтад хамрагдсан сургууль-10

  1. Ерөнхий боловсролын Орхон-Хасү сургууль
  2. Ерөнхий боловсролын Сакура сургууль
  3. Улаанбаатар-Элит олон улсын сургууль
  4. Ерөнхий боловсролын Жет сургууль
  5. Ерөнхий боловсролын Орчлон сургууль
  6. Ерөнхий боловсролын Сингапур скүүл оф монголиа сургууль
  7. Улаанбаатар дахь олон улсын дунд сургууль
  8. Ерөнхий боловсролын Бритиш сургууль
  9. Улаанбаатар дахь Америк  ерөнхий боловсролын сургууль
  10. Тэрэлж боардинг сургууль

Шалгалтаар илэрсэн зөрчил

Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөл, нэршил, хэв шинжийн зөрчил:

  1. Улсын бүртгэлийн гэрчилгээ, сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл, сургалт явуулж байгаа байрлалын хаяг хоорондоо зөрүүтэй зөрчил илэрлээ. Мөн тусгай зөвшөөрлийн хэв шинжээс өөр сургалт явуулж байсан зөрчил нь бүртгэлийн тухай хууль, боловсролын тухай хуулийг зөрчиж байна. Тухайлбал: Жэт сурууль, Тэрэлж боардинг сургууль, Сакура, Сингапур скүүл оф монголиа.

2. Ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч сургууль танилцуулах гарын авлага, гадна байршуулсан хаяг, албан бичгийн хэвлэмэл хуудас нь олон улсын хөтөлбөртэй  эсхүл “international school” гэж нэрлэдэг. Тухайлбал: ерөнхий боловсролын Сакура сургууль Япон хүмүүжил, Америк хөтөлбөртэй, Сингапур скүүл оф монголиа сургууль Сингапурын хөтөлбөртэй, ерөнхий боловсролын Жэт сургууль Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсын бага ангийн IPC, дунд ангийн IMYC хөтөлбөрүүдтэй, Тэрэлж боардинг сургууль англи хэл, математик, байгалийн ухааны хичээлээр Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч албан ёсны зөвшөөрөлгүй;

3. Ерөнхий боловсролын Сакура, Жет, Сингапур скүүл оф монголиа, Улаанбаатар дахь Америк сургууль, ерөнхий боловсролын Бритиш сургуулиудын бүтэц нь “бага, дунд, ахлах”, сургалт явуулах чиглэл нь “бага, суурь, бүрэн дунд” гэж заасан боловч цэцэрлэг буюу бэлтгэл бүлэг хичээллэж байгаа нь Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.4.”Ерөнхий боловсролын сургуульд 6 настай хүүхдийг элсүүлнэ” гэсэн заалтыг зөрчиж байна.

Боловсролын стандарт, төлөвлөгөө, хөтөлбөрийн баталгаажуулалт

Бага, дунд боловсролын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн “14.6.”Олон улсын хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална” гэсэн заалтыг зөрчиж удирдах зөвлөлийн тэргүүн, сургуулийн захирал баталсан, зарим тохиолдолд баталгаажуулаагүй албажуулаагүй зөрчил илэрлээ. Сургалтын төлөвлөгөөнд заасан багш зохицуулах цагийг IPC, гадаад хэл, математик, IMYC, хятад хэл  судлахаар төлөвлөдөг. Мөн хүүхэд хөгжүүлэх дугуйлангууд, sтеам сургалт, англи хэлний цагийг үндсэн цагт оруулсан, эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээнд олон улсын сургалтын хөтөлбөрөөр хичээллэх тухай  тусгасан.

Багшлах боловсон хүчин

   1. Кембрижийн хөтөлбөрийн сургалтад хамрагдаагүй, багшийн мэргэжилгүй гадаад багш нарыг ажиллуулдаг.

 2. Шалгалтад хамрагдсан сургуулиудын багш нарын мэргэжлийн зэрэгтэй багшийн эзлэх хувийг сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан хувьтай харьцуулж үзэхэд Улаанбаатар-Элит сургуулийн 15 хувь нь зэрэгтэй байхаас 13,7 хувь, Сингапур тусгай зөвшөөрөлд 54 хувь зэрэгтэй байхаас 21 хувь, Сакура мэргэжлийн зэрэгтэй багш 70 хувь байхаас 28,5 хувь, ерөнхий боловсролын Орхон Хасү сургуулийн багшийн 45 хувь мэргэжлийн зэрэгтэй байхаас 33 хувьтай байгаа нь  Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан үзүүлэлтийг тус тус зөрчиж байна.

Шалгалтад хамрагдсан сургуулийн удирдлага, дотоод хяналтын ажилтан, сургалтын менежерүүдэд кабинетийн гэрчилгээ авах, сургуулийн дотоод хяналтыг хүүхдийн аюулгүй байдал, эрсдэл үүсэхээс хамгаалахад чиглүүлж гадна орчин, дотоод орчин, анги танхимд хийх, технологийн хичээлийн багаж төхөөрөмжийг харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст хандаж тоног төхөөрөмжийн гэрчилгээ авах, сурах бичиг дамжуулж ашиглаж байгаа тохиолдолд эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхэд эмч, дотоод хяналтын ажилтан хяналт тавьж байх, Бритиш сургуульд усан бассейнд холбогдох газраар баталгаажуулалт хийлгэх тухай зөвлөгөө өглөө.

Цаашид Боловсролын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.”Боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавина.”гэсэн заалтын дагуу олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургуулиуд болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлд хяналт тавих, Монгол Улсад үйл ажиллагаа явуулах албан ёсны эрхтэй сургуулиудын мэдээллийг иргэд олон нийтэд нээлттэй, үнэн зөв болгох, статистик мэдээнд оруулах шаардлагатай байна.

Төрийн байгууллагуудын мэдээлэл