БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Нэмэгдсэн: 2020-02-20

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ноён БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон ноён Чай Вэньруйг хүлээн авч уулзан баяр хүргэж, ажлын амжилт ерөөв.

Монгол улсыг мэддэг туршлагатай дипломатч хүн томилогдон ирсэнд баяртай байна гээд томилолтын хугацаанд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ байна. Хоёр талын хооронд шийдвэрлэгдээгүй, маргаантай асуудал, зөрчил байхгүй. Дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, ард иргэдийн харилцан ойлголцол нэмэгдэж байгааг тэмдэглэхийг хүсч байна  гэв. 

Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа шинэ агуулгаар баяжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэсэн. Мөн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан Комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны монголын хэсгийн даргын хувьд хоёр орны бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамтын ажиллагааны үр өгөөжийг ард иргэдэд хүртээхийн төлөө хятадын талтай ойр ажиллаж, үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна. Шадар сайдын ажлын чиг үүрэгт Замын-Үүд, Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах асуудал ордог бөгөөд энэхүү төслийг бодит ажил болгох чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах сонирхолтой байна гэдгээ Шадар сайд онцлон тэмдэглэв.   

Түүнчлэн шинэ төрлийн коронавирус /COVID-19/-ын өвчлөл олон хүний амь насанд хүрч,  нөхцөл байдал ноцтой хэвээр байна. Гэсэн хэдий ч Хятадын төр засаг, эрдэмтэн судлаачид уйгагүй ажилласны дүнд нааштай хандлагууд гарч байгаад баяртай байна. Энэхүү аюулт өвчин нь Хятад улс болоод дэлхийн нийтэд томоохон сорилт болж байна. БНХАУ-ын төр, засаг өвчний тархалтыг хяналтдаа авч энэ хүндрэл бэрхшээлийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна гэлээ. 

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан Комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны монголын хэсгийн даргын хувьд хүлээн авч уулзаж байгаад талрахал илэрхийлэв. БНХАУ-д шинэ коронавирусын халдвар тархаж хүнд хэцүү цаг үед туулж байгаа энэ үед Монголын ард түмэн, Засгийн газар тусламжийн гараа сунгаж, сэтгэлийн дэмжлэг үзүүлж буйд Хятадын ард түмэн талархан хүлээн авч байна. Монгол Улсын Засгийн газар таны тэргүүлдэг Улсын Онцгой комисс оновчтой шийдвэр гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч түргэн шуурхай ажиллаж байгааг харж байна. Монгол Улсын  нэг ч иргэн халдвар авахгүй байгаасай хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна. БНХАУ-ын Засгийн газар болон ард түмнийхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье гэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


Төрийн байгууллагуудын мэдээлэл