Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав

Нэмэгдсэн: 2020-02-21

     Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ онд Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжин хөгжиж, олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжихийн зэрэгцээ иргэд хоорондын найрсаг харилцаа улам бэхжиж байгаад баяртай байгааг илэрхийлэв. Мөн БНСУ-ын Засгийн газрын Хөгжлийн албан ёсны тусламж манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж ирснийг дурдаад, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зэрэг хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих төслүүдийг амжилттай хэрэгжүүлж дуусгах болон худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хоёр тал нягт хамтран ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, БНСУ-д манай хамгийн олон иргэн сурч, ажиллаж байгааг дурдаад хоёр улсын иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар ахиц гаргахад Элчин сайдын зүгээс анхаарч ажиллахыг хүсэв.

  Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсад томилогдон ажиллаж байгаадаа баяртай байгааг илэрхийлж, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэх, хоёр улсын харилцааг шат ахиулан хөгжүүлэх болон хөнгөлөлттэй зээл, тусламжийн төслүүдийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн иргэдийн солилцоог идэвхжүүлэх, иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх талаар нягт хамтран ажиллахаа тэмдэглэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ . 

Төрийн байгууллагуудын мэдээлэл