Налайхын барилгын үйлдвэрлэл, технологийн паркийн 4.7 км зам ашиглалтад ороход бэлэн болжээ

Нэмэгдсэн: 2020-04-10

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркт ажиллалаа. Энэ үеэрээ тус паркийн чиглэлд баригдаж буй хүнд даацийн автомашин зорчих авто замын ажлын гүйцэтгэлийг шалгав.

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар-Чойрын замаас Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк хүртэл нийт 4.67 км авто зам баригдахаар болж, гүйцэтгэгч компаниуд өнгөрсөн онд ажлаа эхлүүлсэн.  Уг замыг 40 метр өргөн,  30 см зузаан бетон цутгаж барьсан, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний  болон дугуйн зам, ногоон байгууламж, гэрэлтүүлэг бүхий цогц байдлаар барьж ашиглалтад оруулах юм.

Өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дууссан, зам дагуух ногоон байгууламж, явган хүний болон дугуйн замын ажил хийгдэж байна. Зургаадугаар сарын 15 гэхэд ажил дуусна гэдгийг гүйцэтгэгч компанийн зүгээс Хотын Захирагчид хэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан “Замын тохижилт, ногоон байгууламж болон явган хүний замыг чанар стандартын дагуу хийх шаардлагатай. Замын ажлыг хийхдээ давхар цэвэрлэгээ, тохижилтын хамтад нь гүйцэтгээд явах хэрэгтэй” гэдгийг холбогдох албаныханд анхааруулсан юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл