ЭМГЭНЭЛ

Нэмэгдсэн: 2020-04-13


ЭМГЭНЭЛ


ЛОДОНГИЙН ТҮДЭВ

(1935-2020)

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн зохиолч, XX зууны манлай сэтгүүлч, Монгол түмний сод мэргэн их хүмүүн Лодонгийн Түдэв таалал төгсөж, Монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиолоо.

Л.Түдэв 1935 оны 2 дугаар сарын 9-нд Говь-Алтай аймгийн  Наран (одоогийнХалиун) сумын Гүү бариач багийн нутаг “Өвөр замын бууц” гэдэг газар төржээ. Бага насаа эцэг эхийн гар дээр Хантайшир уулынхаа дунд малчин ахуйд өнгөрөөж, 1942–1950 онд Говь-Алтай аймгийн Наран сумын бага сургууль, Есөнбулаг сумын бүрэн бус дунд сургууль, 1950–1953 онд Улаанбаатар хотод Багш нарыг бэлтгэх сургууль, 1953–1956 онд Улсын багшийн дээд сургууль, 1964-1967 онд Москва хотод Нийгмийн ухааны академийг дүүргэж 1984 онд Нийгмийн ухааны докторын зэргийг хамгаалжээ.

Л.Түдэв 1956 оны намар төрсөн нутагтаа ирж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын дунд сургуульд багшилснаар асар баялаг, гайхамшигтай бүтээлч ажил хөдөлмөрийнхөө гараагаа эхлүүлжээ.

Тэрбээр 1961 онд “Үнэн” сонинд утга зохиолын нарийн бичгийн дарга, 1962 онд “Утга зохиол” сонины эрхлэгч, 1968 оноос Монголын Зохиолчдын хорооны орлогч дарга, даргаар 7 жил, 1975 оноос МХЗЭ–ийнТөв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар 8 жил гаруй, 1984 оноос "Үнэн" сонины Ерөнхий эрхлэгчээр 10 гаруй жил тус тус ажилласан бөгөөд зөгнөлт "Дал" сониныг санаачилж Ерөнхий эрхлэгчээр өнөөг хүртэл ажиллаж байлаа.

Л.Түдэв нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн байв. Л.Түдэв МХЗЭ-ийн тэргүүнээр ажиллаж, Монгол орны хөгжил дэвшилд залуусын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүч нөөцийг дайчлан зохион байгуулах ажлыг амжилттай удирдан зохион байгуулж, олон ажил үйлсийг бүтээжээ. 

Л.Түдэв АИХ-ын депутатаар 7 удаа сонгогдож, 8 жилд нь АИХ-ын тэргүүлэгч гишүүнээр сонгогдон төрийг удирдах хэрэгт нийтдээ 20 гаруй жил хүчин зүтгэжээ. Тэрбээр 1986-1990 онд Монголын Парламентын бүлгэмийн дарга, 1986-1990 онд Олон Улсын Парламентын холбооны гишүүн, 1973-1976 онд Монголын Энхтайваны хорооны дарга, 1974-1976 онд Дэлхийн Энхтайваны Зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байлаа. 

Л.Түдэв нь 1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахад биечлэн оролцож, батлалцсан юм. Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны дараахь 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Л.Түдэв нэр дэвшиж оролцсон билээ. Л.Түдэв 1980-аад оноос нийгмийг сэргээсэн олон арван нийтлэл бичиж, Монгол оронд өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийн салхийг эхлүүлэх, ардчиллын үзэл санаа бүхий залуусыг дэмжих, тэднийг бичиж туурвихад нь идэвхтэй нөлөөлж, тэгснээрээ 1990 оны ардчилсан хөдөлгөөнийг ард түмэн талархан хүлээж авах хөрс суурь бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Л.Түдэв нь Монголын уран зохиолын нэгэн их ноён оргил билээ. 1950 оноос уран бүтээлээ эхэлж, роман, тууж, өгүүллэг, шүлэг, найруулал, эссе, шүүмж, нийтлэл зэрэг 1000 хол давсан уран бүтээл туурвиснаас гадаадад 25 ном орчуулагдан хэвлэгджээ. Эдгээр бүтээлүүдээсээ түүвэрлэн 40 боть ном гаргажээ. Ялангуяа хүүхэд багачуудад зориулсан түүний яруутансаг, утга төгөлдөр олон арван уран бүтээл Монголын өсвөр үеийнхний оюун билгийг тэлж, мэдлэг ухааныг арвижуулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг юм.

ХХ зууны их соён гэгээрүүлэгч, суут эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн Л.Түдэвийн хөдөлмөр бүтээлийг Монголын төр, засаг өндрөөр үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээж, Төрийн шагнал, Сүхбаатарын хошой одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ.

Мөн Л.Түдэвт гадаад улсуудын төр засаг, олон нийтийн байгууллагуудаас хөдөлмөр, зүтгэл, уран бүтээлийг нь өндрөөр үнэлэн олон одон медаль болон бусад шагналыг хүртээжээ.

Л.Түдэв нь Монголын ард түмний оюуны нэгэн их оргил, яндашгүй далай мэт арвин их мэдлэгтэй, ухамсарт бүхий л амьдралаа эх орон, ард түмнийхээ сайн сайхан, танин мэдэхүй, өсөн хөгжихүйн төлөө зориулж ирсэн нэн ховор тохиох суут хүмүүн байв.

Л.Түдэвийн их оюун билгийн гэрэл гэгээ хайртай ард түмнээ үеийн үед гэрэлтүүлэн гийгүүлж байх болтугай. Түүний ухамсарт бүхий л амьдралаа зориулсан Монгол орон нь, Монгол зон олон нь түүнийг үеийн үед мөнхөд санан дурсаж, бахархан дээдэлж, үлгэрлэн дууриаж байх болно.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Ё.БААТАРБИЛЭГ, Б.ЭНХ-АМГАЛАН, Ш.РАДНААСЭД, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Л.БОЛД, Ж.ЭНХБАЯР 

Л.БАТЖАРГАЛ, Ж.ГАНБАТ, Т.ГАНТУЛГА, Д.РЭГДЭЛ, Ж.ГОМБОЖАВ, Г.ОЧИРБАТ, Ц.БАЛХААЖАВ

ТӨРИЙН ЁСЛОЛЫН ХЭЛТЭС 

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл