Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтууд хийгдэж байна

Нэмэгдсэн: 2020-06-04


Баян-Өлгий

Баян-Өлгий аймгийн Цагааннуур авто замын шалган нэвтрүүлэх боомтоор энэ оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс хойш 1845 тээврийн хэрэгсэл, 4938 зорчигч орж ирсэн бол 1883 тээврийн хэрэгсэл, 4418 зорчигч гарчээ. Энэ хугацаанд манай улсын 35 аж ахуйн нэгж 23,9 мянган тонн бараа бүтээгдэхүүн импортолсон бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчид хяналт тавьж, аюулгүй байдлыг хангуулан ажиллаж байна. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллагууд орсон бүх тээврийн хэрэгсэл, зорчигчдод зохих журмын дагуу ариутгал халдваргүйтгэл хийж улсын хилээр нэвтрүүлж байна.

Булган

Хаврын улиралд хүний дархлаа сулардагтай холбогдуулан Булган аймгийн Мэргэжлийн хяналтын газраас коронавируст цар тахлын үед өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа төрийн алба хаагчдын дархлааг үндэсний брэнд болох “Салимон” бүтээгдэхүүнээр дэмжих зорилгоор “Дархлаатай Монгол” аяныг санаачлан эхлүүлсэн. Тус аянд нэгдсэн Булган, Төв аймгуудын Мэргэжлийн хяналтын газар, “Эм холбоо” ТТБ, эм зүйчид, Төрийн шагналт, хүний гавьяат эмч, доктор, профессор М.Амбага нар нийтдээ 500 ширхэг “Салимон” бэлдмэлийг Улсын Онцгой комисст хандивлаад байна.

Дорнод

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хүүхдийн баярыг угтаж, аймгийн төвийн Хэрлэн сум болон Баяндун, Гурванзагал, Чулуунхороот, Чойбалсан сумдын 32 супермаркет, хүнсний дэлгүүр, мухлагыг хамруулан урьдчилан сэргийлэх шалгалт хийж, 30 гаруй нэр төрлийн 500 ширхэг хүүхдийн бэлэг болон бусад хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавьжээ.
Урьдчилан сэргийлэх шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 6 нэрийн 537 ширхэг, 436.2 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг хураан авч, хадгалалтын хугацаа дуусах дөхсөн 1 нэрийн 12.0 мянган төгрөгийн жигнэмэгийг буцаан татуулсан байна.

Говьсүмбэр

Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Сүмбэр сумын III багийн нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж буй 5-р цэцэрлэгийн өргөтгөл 150 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажлыг гүцэтгэж буй Түмэн алт ХХК-ийн үйл ажиллагаанд Барилгын техник, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар барилга угсралтын талбайд нийт 19 ажилтантайгаар суурийн цутгалтын ажлыг гүйцэтгэж байсан ба гүйцэтгэж буй ажлын явц, тоног төхөөрөмж, барилгын зураг, барилгын материалын чанар, ажилтнуудын цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хамгааллын асуудлуудыг хамруулан хяналт шалгалт хийж заавар, зөвлөгөө өгөхийн зэрэгцээ хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар улсын байцаагчийн зөвлөмж хүргүүлж, хяналт шалгалтад шаардлагатай бичиг баримтуудыг 06 сарын 12-ны дотор ирүүлэх үүрэг чиглэлийг өгчээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Орхон

ОХУ-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т импортлосон 42.0 тн химийн бодис тээвэрлэсэн ачаа тээврийн 2 тиртэй автомашинд ариутгал халдваргүйтгэлийг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хөх билэгт” ХХК-аар хийлгүүлэн хяналт тавьж, автомашиныг цагдаагийн хяналтад шилжүүлэн хилийн боомт руу буцаажээ. Энэ нь Орхон аймагт хүлээн авч ариутгал халдваргүйтгэл хийлгэсэн 44 дэх тээвэрлэлт аж.

Өвөрхангай

МХЕГ-аас зарласан “Зөв дадал ногоон ирээдүй” аяны хүрээнд Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газар, “Өвөрхангай АЗЗА” ТӨХК, “Хархорин АЗЗА” ТӨХК, сумдын ЗДТГ хамтран улсын болон орон нутгийн чанартай авто, зам, булаг шанд, гол горхи, зориулалтын бус газар хаясан хог хаягдлыг цэвэрлэх ажлыг тавдугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү аянд Бүрд, Хархорин, Есөнзүйл, Уянга, Сант, Нарийнтээл, Өлзийт, Бат-Өлзий, Баянгол сумд нэгдэж нийт 921 тонн хог хаягдлыг цэвэрлээд байгаа бөгөөд цаашид үргэлжлэх аж. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас ил задгай болон зоруилалтын бус газар хог хаяхгүй байж байгаль орчноо хамгаалахыг нийт иргэд, зорчигчдод уриалж байна.

Өмнөговь

Covid-19 халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд Мэргэжлийн хяналтын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, ажлын тусгай горимоор ажиллаж байна. Энэ цаг үед Төв, Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн боомтод ажиллаж Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ажил, ачааллаас хуваалцсанд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас талархал илэрхийлжээ.

Сэлэнгэ

“Зөв дадал ногоон ирээдүй” сарын аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Мандал, Ерөө сумдын нутгаас мод бэлтгэн боловсруулах чиглэлээр ой ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “Ойн тухай” хууль тогтоомжийн хэрэгжилт, мод бэлтгэлийн үйл ажиллагаанаас байгаль орчинд сөрөг үзүүлэх нөлөөлөл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх сургалтыг Мандал сумын Байгаль орчны хяналтын тасагтай хамтран зохион байгууллаа. Сургалтыг зохион байгуулахдаа “COVID-19” цар тахлын халдвар, тархалт, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмжийн дагуу амны хаалт, ариутгал халдваргүйжүүлэлт, хамгаалах хэрэгслийг бүрэн ашиглаж, хоорондын аюулгүйн зай хэмжээ, хугацаа, халдвар хамгааллын дэглэм, журмыг баримтлан зохион байгуулжээ.

Ховд

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2020 оны 01/122 дугаар нэгдсэн удирдамжийн дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар, аймгийн ЭМД-ын хэлтэстэй хамтран БОЭТ-ийн ЭМД-ын сангаас санхүүжиж байгаа 2018, 2019 оны үйл ажиллагаанд нийгмийн хамгаалал, эмчилгээний чанар, цацрагийн хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Хэнтий

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас мал эмнэлгийн хяналтын чиглэлээр Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

1.Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 03/353 тоот албан бичгийн дагуу Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар, Зооноз өвчин судлалын төвийн хамтарсан, Гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу шинэ короновирус, малын халдварт, гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сумын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн аж ахуйн нэгжүүд 11 сумын 54 гахайн байр 3710 м2, 8 сумын 22 иргэн,2 аж ахуйн нэгжийн шувууны байр 1598 м2,16 сумын 172 малын хашаа, хороо саравч,тоног хэрэгслийн 11185 м2 , 2 сумын 1 аж ахуйн нэгж, 3 иргэний мал төхөөрөх газрын 570 м2, 1 сумын 2 үнээний ферм 1250 м2,4 сумын 6 түүхий эд бэлтгэлийн газар 620 м2, 4 сумын 9 голомтын 3050 м2, 2 сумын 2 устгалын цэг 20 м2, 5 сумын 7 худаг, уст цэгийн 410 м2,14 сумын 602 нийтийн эзэмшлийн зам, автозогсоол, банк, хүнсний үйлдвэр, үйлчилгээний гадна талбай, сургууль, цэцэрлэг, сумын тамгын газар, шатахуун түгээх газар, айл,өрхийн муу усны нүх, жорлон 55705 м2 нийт 884 объектын 78428 м2 18 суманд нийтийн эзэмшлийн талбай 256680 м2,хашаа хороо, өтөг бууц, худаг уст цэг 56740 м2, бэлчээр 48790 м2, агуулах зоорь, түүхий эд агуулах цэг 8230 м2, устгалын 76 цэгийн 177990 м2, нийт 548430 м2 талбайд халдваргүйжүүлэлт хийхэд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч, сумын мал эмнэлгийн улсын байцаагчид хяналт тавин ажиллалаа.

2.Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 01 тоот албан даалгаврын “Мал, амьтны сэг зэмийг цуглуулж устгах, орчны цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, отор, нүүдлийн зорилготой мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулахад, хяналт тавих” гэсэн заалтыг хэрэгжүүлэн аймгийн хэмжээнд тэмээ 13,адуу 2518, үхэр 8913, хонь 35201, ямаа 36314, амьтан 2183 бүгд 85142 мал амьтны сэг, зэмийг устгахад хяналт тавин ажиллалаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй зарим их, дээд сургуулиудын 2019-2020 оны хичээлийн жилийн эчнээ, орой хэлбэрийн сургалтын хаврын төгсөлтийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалтыг хийж, төрийн бус өмчийн 32 их, дээд сургуулийг хамрууллаа. Шалгалтаар:

– Эдийн засгийн үндэсний дээд сургууль нь “багш, урлагийн боловсрол” мэргэжил хөтөлбөрт өдрийн хэлбэрээр сургалт зохион байгуулах зөвшөөрөлтэй байхад орой, эчнээ хэлбэрээр сургалтыг 1 жил зохион байгуулсан;

– Монголын үндэсний их сургууль, Техник технологийн дээд сургууль, “Тэнгэр” дээд сургууль, “Хангай дээд” сургууль, Эдийн засгийн үндэсний дээд сургуулиуд нь зарим мэргэжил хөтөлбөрүүдийн сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийн хавсралтад заасан суралцах хугацааг баримтлалгүйгээр зохион байгуулсан;

– Монголын үндэсний их сургууль нь “нягтлан бодох бүртгэл”, “эрх зүй”, Зохиомж дээд сургууль нь “багш, сургуулийн өмнөх боловсрол”, “багш, бага ангийн боловсрол” мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнүүдэд ерөнхий суурь хичээлүүдийг судлахаар бүрэн тусгаагүй;

– Энэ хичээлийн жилд Үндэсний техникийн их сургууль, Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулиуд статистикийн мэдээг үнэн зөв өгөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлжээ.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, тушаал, шийдвэрийн хэрэгжилтийг хангуулахаар Монголын үндэсний их сургууль, Үндэсний техникийн дээд сургууль, “Газарчин” дээд сургууль, Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль, Техник технологийн дээд сургуулиудад улсын байцаагчийн 21 заалт бүхий 5 албан шаардлага өгч, “Их засаг” олон улсын их сургууль, Монголын үндэсний их сургууль, “Сэрүүлэг” их сургууль, Үндэсний техникийн их сургууль, “Засагт хан” дээд сургууль, Нийгэм сэтгэл судлалын дээд сургууль, “Тэнгэр” дээд сургууль, Утга зохиол, нийгмийн ажилтны дээд сургууль, “Хангай” дээд сургууль, “Эко ази” дээд сургуулиудад Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу шийтгэл оногдуулсан байна.

Эдийн засгийн үндэсний дээд сургуулийн “хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлсэн” зөрчилд прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Санал болгож байна
Төрийн байгууллагуудын мэдээлэл